1991 оны 7-р сарын 22-ны шөнө Милоуки хотын цагдаагийн хэсэгт гараа гавлуулсан нэгэн хар арьстан залуу “Амь авраарай. Намайг алах гэлээ” гэж хашхирсаар орж иржээ. Цагдаагийнхан түүний гавыг тайлж, ус өгөн тайвшруулахыг хичээсэн ч “Түүнийг бушуухан барь.Тэр жинхэнэ албин чөтгөр мөн. Түргэлээч” хэмээн орь дуу тавьсаар байв. Гараа гавлуулсан залууг Трэйси Эдвард гэдэг аж. Ойролцоох хороололд амьдардаг нэгэн залуу өөрийнх нь зүрхийг идэх гэж дайрсан тухай түүний ярианд цагдаагийнхан итгээгүй ч туршлагатай хоёр мөрдөгчөө заасан хаяг руу нь явуулав. Эдвардын зүрхийг идэх гэж завдсан этгээд жирийн орон сууцны нэгэн тоотод амьдардаг аж. Туршлагатай мөрдөгчид эхлээд сэжигтэн этгээдийн хөршийн хонхыг дарж байж орц руу оржээ. Тэгснийхээ дараа л хохирогчийн заасан 213 тоот хаалгыг тогшсон байна. Гэрийн эзэн эхэндээ тэднийг оруулахыг хүсээгүй ч цагдаа нарын ширүүн шаардлага дор арга буюу хаалга дэлгэв. Цагдаа нар хэр баргийн аймшгийн кинонд зүрхэлж гаргахааргүй дүр зурагтай тулгарах нь тэр. Юуны түрүүнд огиудас хүрэм муухай үнэр хамар цоргиж. Мөрдөгчдийн нэг нь хөргөгчийн хаалгыг онгойлносноо “Ээ, бурхан минь! Энд хүний тастсан толгой байна” гэж хашхирахад нөгөөх нь тэр даруй гар буугаа гарган гэрийн эзэнд тулгав. Эхний цагдаа цустай толгойн хажууд гялгар цаасанд нямбайлан боосон хэсэг махыг заагаад
-Энэ юу вэ гэхэд
-Өглөөний ундандаа идэх гэсэн юм гэж гэрийн эзэн юу ч болоогүй юм шиг хариулсан гэдэг.
Цагдаагийн ажилчид гэрийн эзний гарт гав зүүж байхад тэрбээр эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд зөвхөн “Өнгөт арьстан болон гомо нарыг үзэн яддаг” гэж дуугарсан гэдэг. Хэдэн жил хүн алж, тэдгээр хохирогчдоороо хооллосон Жеффри Дамер гэгч ингэж баригджээ. Түүний гэрээс нийт 11 хүний цогцсын хэсгүүд олдсон байна. Алуурчны мэдүүлснээр бол энэ түүний хохирогчдын нэгээхэн хэсэг гэнэ. 1978-1991 оны хооронд эл этгээдийн гарт нийт 17 хүн амиа алдсан аж. Маргааш өдөр нь цагдаагийнхан хүчлээр дүүргэсэн том торхон дотроос хүний биеийн мөч, эрхтнүүдийг олсон байна. Гал тогооны шүүгээний тавиурууд дээр хүний гавлын яс, чөмөг, гарын сарвуунуудтай зэрэгцэн тусгай уусмалтай шилэнд саванд хийсэн хүний бэлэг эрхтэн, чих, нүд өрөөстэй байв. Үүнээс гадна гэмт этгээд аллага үйлдэх явцаа хальсанд буулгасан байлаа. Зөвхөн аллагаа төдийгүй хохирогчдынхоо мах, эрхтнээр хооллож байгаагаа хүртэл бичжээ. Хөргөгчөөс нь Жеффригийн хохирогчоо дайлдаг байсан хүний махаар хийсэн гамбуургер ч олдож. Жеффри Дамер гэгч энэ этгээд 1960 онд жирийн дундаж америк гэр бүлд төрж өсжээ. Түүний эцэг нь химич, эх нь багш мэргэжилтэй хүмүүс бөгөөд хүүхэд нас нь жаргалтай сайхан өнгөрсөн аж. Гэвч түүнийг 18 настай байхад нь эцэг эх нь салсан байна. Харин гэрлэлтийг цуцлах шүүх хурал дээр эцэг Дамер эхнэрийгээ харгис хатуу зантай, гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, сэтгэцийн өвчтэй гэх мэтчилэн салах шалтгаанаа тоочсон байдаг. Үнэхээр ч Жеффригийн ээж нэг удаа сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан удаатай. Дараа нь алуурчин Дамерыг шүүх үеэр мэргэжилтнүүд Жеффрийд эхийн талын өвчин нөлөөлсөн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэх болно. Харин анхныхаа аллагыг Дамер эцэг эхийгээ салснаас хойш хэдэн долоо хоногийн дараа үйлдсэн байдаг. Тэрбээр 17 настай Стивен Хикс гэдэг хөвгүүнтэй танилцаад, гэртээ урьжээ. Тэд шар айраг ууж, хар тамхи татсаныхаа дараа бэлгийн ажил хийсэн байдаг. Орой 21 цагийн үед Хикс явахаар завдахад, Дамер түүнийг төмөр гантелиар толгой руу нь зохиж унагаагаад, багалзуурдаж алжээ. Дараа нь тэрбээр Хиксын цогцсыг мөчлөөд, хогийн уутанд хийж, байшингийнхаа арын цэцэрлэгт булсан байна. Ингэж Дамер "хүсэн, хүлээж байсан зүйлээ гүйцэтгэж авсан" гэдэг. Тэрбээр сургуульд сурч байхдаа л үхсэн амьтдыг сонирхдог байж. Тэрбээр үхсэн муур, нохой, шувуу, хулган олж, арьсыг нь өвчиж, гэдэс дотрыг нь хүүлэн, дотор эрхтнүүдийг сонирхон харж, барьж үзэх дуртай байв. Томрох тусам энэ үйлдлийнхээ үеэр ижил хүйстэнтэйгээ секс хийж байна гэж төсөөлдөг болжээ. Өөрийнхөө гаж зуршлыг дарахын тулд Дамер архи, хар тамхи хэрэглэж эхэлсэн аж. Эцэг нь түүнийг анагаах ухааны их сургуульд оруулсан ч удалгүй архидалтын улмаас хөөгджээ. Дамерт цэрэгт явахаас өөр зүйл үлдээгүй байна. 1981 онд Дамер цэргээс халагдаж ирээд эмээгийндээ амьдрах болж. Удалгүй тэрбээр арван гурван настай хүүг садар самуунд уруу татсан хэргээр цагдаагийн байгууллагын хаалгыг татав. Гэхдээ эл хэрэг шүүхээр ороогүй аж. Харин 1988 онд түүнийг яг ижил төстэй хэргээр шүүн яллах болно. 1987 оны есдүгээр сарын 15-нд гэмт этгээд хоёр дахь аллагаа үйлджээ. Дамер маш их согтуу байсан учир яаж алснаа санадаггүй аж. “Амбасадор” зочид буудлын орон дотор урьд шөнө танилцсан Стивен Туоми гэдэг залуугийн цогцостой хамт өглөө сэржээ. Алуурчин цогцсыг том чемоданд хийж, эмээгийнхээ гэрт авчраад, амьгүй болсон биетэй бэлгийн ажил үйлдсэнийхээ дараа мөчлөн, хотын хэд хэдэн хэсэгт аваачиж хаясан байна. Энэ өдрөөс Милуоки хотын цуврал аллага эхлэх нь тэр.
Дамер хохирогчоо олох тактик боловсруулсан байдаг. Тэрбээр хохирогчтойгоо бааранд (ихэвчлэн гей баарууд байв) танилцаад, дараа нь гэртээ урьдаг байж. Тэднийг алуурчин мансууруулах бодисоор муужруулсныхаа дараа хүчиндээд, боож алдаг аж. Цаашлах тусам Дамерын гаж зуршил улам хүндрэн, цогцсуудыг янз бүрээр зэрэмдэглэн, эрхтнүүдээр нь төрөл бүрийн мөргөл шүтээний зүйл хийх болов. Түүний бүх хохирогчид ижил хүйстэн залуучууд байсан. 1988 оны эхээр Дамер дахин хоёр аллага үйлджээ. Энэ оныхоо намар тэрбээр эмээгийнхээ байрнаас нүүж Милуоки хотын хойд хэсэг рүү нүүсэн байдаг. Нүүж ирснийхээ маргааш нь тэрбээр шинэ гэртээ 13 настай Лаос бандийг авчирчээ. Согтууруулах ундааг нойрсуулах эмтэй хольж уулгасан ч хүү алуурчны гараас мултарч чадсан төдийгүй болсон үйл явдлын талаар ээж аавдаа хэлсэн аж. Өглөө нь Дамерыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлав. Шүүх хурал болохоос өмнө цагдаагийнхан архивын баримтаас Дамерыг өмнө нь ижил хэргээр хоёр ч удаа хариуцлагат татагдаж байсныг мэдсэн байна. Ингээд гэмт этгээдийг гурван ч сэтгэл зүйч үзээд архины хамааралд орсон гэж дүгнэжээ. Шүүх Дамерыг нэг жилийн хорих, таван жилийн тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Хэрэг мөрдөгдөж байхад Дамер батлан даалтад гадуур чөлөөтэй явж байсан бөгөөд энэ хугацаанд хар арьстан залуу Энтони Сирсийн амийг хөнөөж амсан аж. 1990 онд Милуокийн мангас дөрвөн хүний аминд хүрсэн бол 1991 оны эхний саруудад дахин гурван хүнийг алсан байна. 1991 оны тавдугаар сарын 27-нд чармай шалдан, нил цус нөж болсон бас хар тамхинд мансуурсан 14 настай ази гаралтай Анукона Синтасомфон гэдэг хүү Дамлерийн гэрээс гүйж гарч яваад, хоёр эмэгтэйтэй тааралдан цагдаа дуудаж өгөхийг гуйжээ. Дуудлагаар ирсэн цагдаа нарт Дамлер болсон хэргийн талаар хоёр ижил хүйстэн амрагуудын хооронд болсон маргаан гэж итгүүлж дөнгөв. Тэд ази хүүг тайвшруулан Дамерын гэрт буцааж оруулаад, өөрсдөө яваад өгсөн байна. Ингэхдээ тэд Дамерын гэрээс муухай үнэр гарахыг мэдэрсэн ч ач холбогдол өгөөгүй аж. Өмхий үнэр тав хоногийн өмнө алуулсан Тони Хьюзын цогцсоос гарч байсан нь хожим тогтоогдох болно. Хөөрхий Синтасомфон хүү тэр өдөртөө алуулсан байдаг. Дамлерыг баривчлагдсаны дараа дээрх хоёр цагдаа ажлаасаа халагдсан аж. Сүүлийн аллагуудаа Дамер долоо хоногийн зайтай үйлдсэн байдаг. Сүүлийн 17 дахь хохирогч Жозеф Брейдхофт 1991 оны долдугаар сарын 19-нд алуулжээ. Харин эл түүхийн эхэнд өгүүлсэгдсэн Трэйси Эдвард алуурчинтай хуучин эд зүйлсийн зах дээр танилцсан аж. Шинэ танил нь түүнийг гэртээ аяга шар айраг уухыг урьсан байна.Трэйси тэднийд хэсэг зочлоод явах гэтэл Дамер түүнд хутга тулгаж байгаад, гарт нь гав зүүжээ. Гэмт этгээд Трэйсиг дээш нь харуулж хэвтүүлээд, цээжинд нь чихээ наан, зүрхнийх нь цохилтыг чагнаж гарчээ. Тэрбээр хэсэг трансд орон, хоёр тийш найган амандаа ая аялж эхэлсэн байна. Энэ үеийг Трэйси ашиглан зугтаж амжиж.
Жеффри Дамер баривчлагдныхаа дараа нийт 17 хүн алсан гэдгээ шууд хүлээсэн байна. Шүүх түүнийг бүх насаар нь хорих буюу 970 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурал дээр хэлсэн түүний сүүлчийн үг тэнд байсан олон хүнийг гайхшруулсан байдаг. “Би шоронгоос гарах гэж хэзээ ч зүтгэхгүй бөгөөд үхлийг үнэнээсээ хүсэж байна. Хохирогчдын төрөл төрөгсөд болон нийгэм намайг хэзээ ч уучлахгүй гэдгийг би ойлгож байгаа. Үлдсэн насаа тэдний өршөөлийг хүсэж бурханд мөргөх болно. Би тэдгээр хүмүүсийн гашуун нулимсыг харсан. Чаддагсан бол авч одсон тэр хүнийг нь эргүүлж өгөхийн тулд амиа зориулахсан. Би галзуу солиотой гаж донтон гэдгээ ойлгож байна. Гэхдээ миний дотор байдаг тэр аймшигтай хүсэл тайвшралыг оллоо. Гагцхүү юуг ч засаж залруулж болохгүй нь харамсалтай. Би хохирогчдын ар гэр, өөрийнхөө гэр бүлд зовлон авчирсан. Харин миний хийсэн хэрэг үзэн ядалтаар хөглөгдөөгүй юм шүү. Чухам яагаад ийм аймшигтай мангас болж хувирсан шалтгааныг та нарын адил өөрөө ч мэдэхийг хүсэж байна. Шоронд өнгөрөөх он жилүүд аймшигтай байна гэдгийг би мэдэж байна. Гэхдээ би үүнийг эдлэх ёстой” гэж Милуокийн мангас хэлжээ.
1994 оны 11-р сарын 28-нд Дамерыг дээрэм, аллагын хэргээр ял эдэлж байсан Кристофер Скарвер гэпэг хоригдол үхтэл нь зодож хөнөөжээ. Дэлхий Жеффри Дамлергүй хавьгүй амгалан. Гэхдээ юу энэ хүнийг дээрх аймшигтай хэрэг үйлдэхэд хүргэв гэдгийг хэн ч хэзээ мэдэхгүй өнгөрсөн нь. . .