“Зоос” банкны удирдлагатай холбоотой хэргийг УМБГ-т шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий нарын гурван хүнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.
Энэ хэрэгт тус банкны ТУЗийн дарга, “Ой мод” компанийн захирал Д.Батбаярыг сэжигтнээр тооцон Ганцхудагт цагдан хориод байгаа. Тэрбээр энэ банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд нэлээд хугацааны турш ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байгаа юм. Банкны санхүүгийн үйл ажиллагаа доголдож эхлэхэд тэрбээр өөрийн оруулсан хөрөнгөө татаж, хямралд хүргэсэн хүний нэг гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна.
Энэ хэрэгт дээрх хүмүүсээс гадна Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэнг мөн холбогдуулан Ганц худагийн цагдан хорих төвд саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ хүн тус банкийг алдагдалтай ажиллаж, санхүүгийн чадваргүй болоход оролцсон байж болзошгүй хүний нэг гэнэ.
Харин түүнийг цагдан хорьсон гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж буй юм. “Зоос” банк 41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй, 84777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харилцах, 25733 хадгаламж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас авсан зээл есөн тэрбум төгрөгт хүрчээ.
Нийт зээлийн 33.4 хувь нь чанаргүй зээл аж. Мөн алтны урьдчилгаа хэлбэрээр 22.9 тэрбум төгрөгийг барьцаагүй олгож, эргэн төлөгдөх магадлал муутай авлага үүсгэсэн байна.
Г.ОРЧЛОН