Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг, Гаалийн ажилчдын нэгдүгээр байранд оршин суудаг эртний эдлэлийн ченжийн гэрийг тоносон гэмт этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нэг сарын турш эрэн сурвалжилсны дүнд илрүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Д-гийнхээс олон тооны хөөрөг, эртний эдлэл, валют, мөнгө авсан хулгайч нарын талаар бид холбогдох албаны эх сурвалжаас мэдээлэл авлаа. Тэд хохирогчийнхоос 250 сая төгрөгөөр үнэлэгдэх 26 ширхэг хөөрөг, үсний мөнгөн даруулга, чимэг зүүлт, гаансны үнэт чулуун соруул, 10000 доллар, 140 мянган юань, багагүй хэмжээний монгол төгрөг хулгайлсан аж. Уг хэргийг ХААИС-ийн оюутан н.Ариунтуяа, н.Амараа гэдэг хоёр эмэгтэй, “Тедмент” компанийн хамгаалалтын албаны ажилтан н.Анхбаяр нар хамтран үйлджээ.
Тэд хохирогчийн хүүхэдтэй найзууд бөгөөд хүүгээс нь “Хувцсаа түр өгөөч. Ойрхон хүнтэй уулзчихаад ирье” хэмээн хүрмийг нь авч өмссөн байна. Улмаар халаасанд нь байсан гэрийн түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгож орсон гэнэ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэмт этгээдүүдээс үсний мөнгөн даруулга, гаансны соруул, есөн ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд бусад эд зүйлийг хаана нуусныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд үргэлжлүүлэн шалгаж байна. Бидэнд олдсон мэдээллээр гэмт хэрэг үйлдсэн хоёр бүсгүйн нэг нь найз залуудаа “Соната-3” маркийн автомашин худалдаж авч өгснийг хураан авчээ.