Монголчууд хулгай хийж амьдрах даа “гарамгай” гэж хөгжилтэй орны дэлгүүрийн худалдагч нар ярьдаг талаар бишгүй л дуулддаг. Туркт манай нэгэн бизнесмэн жуулчилж яваад дэлгүүрээс нь бараа сонирхож байтал монгол гэдгийг нь сонсонгуутаа бүх бараагаа хураан авч, “Танай монголчууд хулгайч” хэмээн бараг хөөж гаргасан гэдэг. Барууны орнуудын өөртөө үйлчилдэг дэлгүүрт тэнд амьдардаг зарим монголчууд бараа сонирхогч зочин мэтээр явж байгаад хувцсыг нь өмсөж, архи, вискийг нь халаасалж гардаг гэж Европт амьдарч байгаад ирсэн нэгэн хүн өгүүлж байв.
Европт энэ мэтээр амьдарч байсан монголчууд эх орондоо ирж, тэнд сурсан “ажлаа” үргэлжлүүлж буй бололтой. Баруун дөрвөн замд байрлах “Талст” дэлгүүрээс нэгэн эр яг л баруунд хулгай хийдэг аргаараа нэхий дээл хулгайлжээ. Энэ талаар тус дэлгүүрийн худалдагч нараас тодруулахад “Аравдугаар сарын 29-нд 13.00-14.00 цагийн хооронд нэгэн эр дэлгүүрээр үйлчлүүлж байгаад нэхий дээл хулгайлж гарсныг бид хяналтын камерийн бичлэгээ шүүж байж мэдсэн. Уг нь дэлгүүрийн хаалгаар бараа авч гарах үед мэдрэгч ажиллаж дохиолол өгдөг. Энэ хүн хулгай хийж гаршсан бололтой.
Цүнхэнд хийсэн бараагаа мэдрэгч дээгүүр өргөөд гараад явсан. Тэр хүн манай дэлгүүрт хэд хоногийн өмнө ирж, судалгаа хийгээд явсан байна лээ. Дараа ирж үйлчлүүлнэ. Савхин хүрэм авна гэж байсан. Тэр хүн хүмүүстэй маш эелдэг харилцдаг” гэв. Тус дэлгүүрийн хяналтын камерийн дүрс бичлэгийг харж байхад хулгайч эр дэлгүүрийн эрэгтэй хувцасны тасагт савхин хүрэм өмсөж үзэж байгаад худалдагчийн анхаарал сарнихад савхин хүрэмний ард нэхий дээлээ нууж бариад өөр өлгүүрт дээлийг нь өлгөж, буцаагаад савхиа байсан байранд нь хийчихэв.
Нэлээд хугацааны дараа хулгайч эр худалдагчийн өөр хүнд бараа танилцуулахаар явах үед барьж явсан гар цүнхэндээ дээлийг хийж, өлгүүрийг нь эвхэж давхарлан тавьсан цамцнуудын дунд хийгээд гарч явлаа. Хаалганы дэргэдэх дохиоллын ойролцоо ирмэгцээ цүнхээ дээш нь өргөөд гараад явчихав. Тухайн үед дэлгүүрийн худалдагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд мэдээлэл өгчээ. Тэд ирж үзлэг хийж, дүрс бичлэгийг үзчихээд “Наадах чинь олдохгүй дээ” гэчихээд яваад өгсөн талаар худалдагч нар нь өгүүлсэн юм. Хулгай хийсэн эр 160 орчим см өндөртэй, бор царайтай, махлаг, зүүн чихний доод талд угалзан шивээстэй, богино савхин хүрэм, цөлийн шар гуталтай явж байж.
Өмнө нь бас нэг хулгайч уг дэлгүүрээс бугуйн цаг “хумслаад” гарчээ. Дүрс бичлэгийг нь харж байгаад гэмт этгээд уг дэлгүүрт дахин орж ирэхэд нь саатуулсан байна. Улмаар цагдаа дуудаж цагны хулгайчийг хүлээлгэж өгөөд хохирлоо барагдуулах та лаар гомдол гаргахад “Эрүүлжүүлээд явуулсан шүү дээ” хэмээн хээв нэг хариулсан гэнэ. “Энэ мэтээр цагдаагийнхан хулгайчийг өөгшүүлж байна. Баруунд хулгай хийдэг монголчууд эх орондоо ирж, бусад монголчуудаа хохироохоос өмнө цагдаагийнхан арга хэмжээ авч, энэ мэт хулгайчийн үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй” гэж дэлгүүрийн худалдагч нар ярьсан юм.