Нийслэлийн Баянгол дүүргийн IV хорооны Гаалийн ажилчдын байранд оршин суугч Д-гийнхээс алтан нуухтай эртний хийцийн 18 ширхэг мана, гартаам, чүнчигноров хөөрөг алдагдсан юм. Гэмт этгээд гэрт нь түлхүүр тааруулан орж, улмаар төмөр шүүгээг нь эвдэн хөөргүүдийг болон 10 мянган доллар, 140 мянган юань, 10 сая төгрөг хулгайлсан.
Гэмт этгээдүүд “Нарантуул” захад хөөргө, эртний эдлэлийн ченжээр ажилладаг Д-д 250 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан юм.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран эрэн сурвалжилж сэжигтэй хүмүүсийг саатуулсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ.
Хулгайч нар төмөр тасдагч багажтай орж, шүүгээний арыг цоолж эд зүйлийг нь авсан талаар цагдаагийнхан өгүүлсэн. Тэд ул мөр үлдээхгүй гэж үүдэнд нь байсан шалны алчуурыг нь хүртэл авч явсан байсан гэнэ. Цагдаагийн ажилтнууд бүтэн сарын турш хөөцөлдсөний дүнд сэжигтэй хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж байгаа гэнэ.
Сэжигтэй этгээдүүдийг саатуулсан гэдэг мэдээллийг ЭЦГ, УМБГ-ынхан аль аль нь баталж буй ч мэдээлэл өгөхөөс татгалзав. Тэд “Сэжигтэй хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн.
Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өөр сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа гэлээ” гэлээ.
Г.Орчлон