Монгол залуус нэгэн үеэ бодвол цэргийн алба хаах сонирхолтой болж байгаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цэргээс оргох, дарга, цэргийн таарамжгүй харилцаа гээд цэргийн албыг тойрсон хэл ам тасрахгүй байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Дорноговь аймаг дахь Сулинхээрийн отрядын офицер гэр бүлтэйгээ амиа алдсан хэрэг гарч, өдгөө тус аймгийн цагдаагийн газрынхан хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа.
Түүний дараа цэрэг гэдэг олон аавын хүүг эгнээндээ байлгаж, хүмүүжүүлж байдаг салбар бас нэгэн хэл аманд өртөөд амжив. Зэвэгт хүчний 256 дугаар анги буюу Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний ангиас нэг цэрэг өнгөрсөн наймдугаар сард оргож, хоёр сар гаруй сураггүй байсны эцэст саяхан олдсон юм. Улаанбаатар хотоос энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар тус ангид алба хаахаар очсон Г.Шинэбат үл мэдэгдэх шалтгаанаар анги байрлалаа орхин оджээ.
Зэвсэгт хүчнээс томилогдсон эрлийн бүлгийнхэн хоёр сарын дараа түүнийг Баянхонгор аймагт ажиллаж байхад нь саатуулж, өдгөө цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нэг ажилтнаас хэргийн талаар тодруулахад “Анги байрлалаа орхин оргосон Г.Шинэбатыг Зэвсэгт хүчнийхэн олж бидэнд шилжүүлсэн. Өдгөө түүнийг оргож явах замдаа гэмт хэрэг үйлдсэн үү, яагаад оргов гэдгийг тогтоохоор шалгаж байна.
Улаанбаатараас ар гэрийнхэн нь ирсэн. Түүнийг цэргийн албанаас санаатайгаар оргон зайлсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа” гэв. ЗХЖШ-ын албаны хүнээс энэ талаар тодруулахад “Түүнийг Баян хонгор аймагт ажил хийж байхад нь олж саатуулсан. Тэрбээр нэгэн компанид ажилд орсон байна лээ. Өдгөө харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ. Чухам ямар ажил хийж байсан гэдгийг тодорхой хэлэх хүн байсангүй.
Зарим эх сурвалж “Тэрбээр Баянхонгорт нэгэн барилгын компанид ажиллаж байгаад тэндээсээ эд зүйл хулгайлаад баригдсан” гэсэн бол нөгөө хэсэг нь “Алтны уурхайд ажиллаж байсан” хэмээв. Цэргийн албанаас оргон зайлж сураггүй болсон залуус өөр газарт бүгж ажил хийж байсан явдал ганц энэ ч биш. Хилийн цэргээс хоёр байлдагч оргож, алт ухаж байсан явдал өнгөрсөн хавар гарсан.
Завхан аймгийн харьяат хоёр цэрэг ангийнхаа малыг маллаж байгаад оргосон. Эрлийн хэсгийнхэн нэлээд хугацааны дараа Төв аймгийн Заамарын алтны уурхайд “нинжа” болсон байхад нь олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Г.АРВИЖИХ