“Сити” дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны хэсэг оюутан доод ангийнхаа оюутан М-ийг зодож, амь насыг нь хохироожээ. Талийгаач Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд энэ жил тус сургуулийн интерьер дизайны ангид суралцаж байсан аж. Болсон явдлын талаар тус сургуулийн оюутнуудаас нь асуусан боловч “Тийм юм болсон гэж дуулснаас өөр зүйл мэдэхгүй” гэв. Тиймээс Сургалтын албаны дарга С.Наранцэцэгээс тодруулсан юм.
-Танай сургуулийн оюут нууд зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн тухай сонслоо. Хэрэг яг хэзээ гарсан юм бэ?
-Сургуулийн оюутны холбооноос өнгөрсөн сарын 23-нд “Амазон палас”-т танилцах үдэшлэг зохион байгуулсан юм. Үдэшлэг 18.00-21.00 цагт болж, захирал болон анги удирдсан багш нар оюутнуудаа тараагаад явсан. Гэтэл багш нарыг явсны дараа дээрх хэрэг гарчээ. Оюутнууд маань сахилга бат сайтай болохоор ийм эмгэнэлтэй зүйл болно гэж бодсонгүй. Сахилга баттай гээд найдаад орхиж болдоггүй юм байна. Бид их харамсаж байгаа. Тиймээс сургуулийн удирдлагын зү гээс хичээлийн бус цагаар оюутнуудыг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан.
-Оюутнууд чухам юунаас болж нэгнийхээ аминд хүрчихэв. М-ийг нас барсныг та нар хэдийд мэдэв?
-Дэргэд нь байгаагүй болохоор хэрэг юунаас болж гарсныг хэлж мэдэхгүй. Хүн бүхэн өөр өөр зүйл яриад байгаа. Цагдаагийнхан энэ хэрэгт дөрөвдүгээр дамжааны хэдэн оюутныг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Бидэнд тодор хой мэдээлэл өгөөгүй. Мөрдөн байцаалт дууссаны дараа л бүх зүйл тодорхой болох байх гэв. Талийгаач М-ийн дотнын нэг хүний мэдээлснээр тэрбээр 19 настай, эрэгтэй, нийтэч, аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог нэгэн байсан гэнэ. “Танилцах үдэшлэгээс өмнө сургуулиас зохион байгуулсан намрын спортын арга хэмжээнд ангиа ахлан оролцож, тэргүүн байр эзэлсэн нь дээд курсийн оюутнуудын дургүйг хүргэсэн юм шиг байна лээ” хэмээв. Талийгаач зодуулахдаа толгойноосоо их хэмжээний цус алдсанаас нас барсан аж. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалт дуусахаас нааш мэдээлэл өгөхгүй гэв.