Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт холбогдоод байгаа Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлээд байна. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн зун тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс Н гэдэг эмэгтэйг олж саатуулан шалга гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Гэвч Н нь Бангладеш улс руу хар тамхи зөөвөрлөж яваад баригдан тус улсад шалгуулж байгаа аж. Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын байгуулсан хар тамхи, мансууруулах бодис хил давуулан худалдаалах бүлэглэлд орсон хүмүүс нь Зүүн өмнөд Азийн орнуудаас Саудын Араб зэрэг орнуудаар дамжуулан хар тамхи зөөвөрлөдөг байсан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан гэнэ. Энэ бүлэглэлийн золиос болж хилийн чанадад саатуулагдан ял эдэлж байгаа Н болон Л.Байгалмаа нараас гадна түүний үеэл Н.Гандаваа нарын 2-3 хүн Л.Гантуул нарт холбогдох хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.
Тэдэнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд заасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж оролцсон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэрэв шүүхээс энэ хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жил хорих ялаар шийтгүүлэх юм байна.