Бельгийн хаан II Альберт ДНХ-ийн шинжилгээ өгсний дараа сүүлийн зургаан жил өөрийгөө түүний охин гэдгийг нотлохоор шүүхдэж байгаа Дэлфин Боэлийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ."Эрхэмсэг хаан Хаан II Альберт Брюссель хотын давж заалдах шатны шүүхийн шаардлагаар өгсөн ДНХ-ийн шинжилгээний үр дүнг авч үзлээ. Шинжлэх ухааны дүгнэлт түүнийг хатагтай Дэлфин Боелийн төрсөн эцэг болохыг нотолсон байна" гэж Хааны өмгөөлөгчийн мэдэгдлийг RTBF суваг уламжлав. Альберт хаан удаа дараа төрсөн охиноо хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан бөгөөд өнгөрсөн оны намар Бельгийн шүүх эзэн хаанаас ДНХ шинжилгээ авч, эцэг мөн эсэхийг нь батлах шийдвэр гаргажээ. 2013 онд II Альбертыг хаан ширээнээсээ буухад Дэлфин Боэлийн ээж баронесс (язгууртны хэргэм )Сибилл де Селис Лонгшам хэвлэлд ярихдаа 1966-1984 онуудад эзэн хаантай дотносож, хүүхэдтэй болж байснаа анх удаа олон нийтэд дэлгэжээ. Хаан энэ түүхийг үгүйсгэсэн ч тухайн үед гэргийтэйгээ асуудалтай байсныг хүлээн зөвшөөсөн байна. Дэлфин Боэлийн хууль ёсны аав нь баронессын хуучин нөхөр, үйлдвэрийн эзэн Жак Боел бөгөөд тэрбээр эхнэрээсээ хэдийн салсан аж. Орон нутгийн хэвлэлд бичсэнээр бол тэрбээр Дэлфинийг өөрийн гэрээслэлээс хассан байна. Хэрвээ шүүх Дэлфинийн талд шийдвэр гаргавал тэрбээр эзэн хааны үл хөдлөх хөрөнгийн наймны нэгийг эзэмших эрхтэй болох юм.