Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөл НЗДТГ-т мэдээлэл хийлээ.
Энэ жилийн “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” нь улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл, SMART CITY, “Нэг хот- Нэг стандарт” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдана.
Форумын үеэр нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төслийг оролцогчдод танилцуулахаас гадна хувийн хэвшилтэй хамтарч хийх төсөл хөтөлбөр, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжоо танилцуулах аж. Мөн хотын удирдлага, газар хэлстийн дарга нар оролцогчидтой уулзаж, шууд ярилцан тулгарч буй асуудлаараа санал солилцох боломж олгоно.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа хэлэхдээ “Форумыг зохион байгуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Саяхан НИТХ-аар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн дэд хөтөлбөрийг баталсан тул энэ удаагийн форумаар энэхүү бодлогын баримт бичгийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар чухалчлан хөндөхөөр төлөвлөсөн. Манай холбогдох агентлаг, газрууд хоёрдугаар сарын 07-ныг хүртэл форумтай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэсээр байх болно” хэмээн ярилаа.