Кардиффын их сургуулийн судлаачид сонгодог бус Т-лимфоцит буюу тунгалаг эсийн шинэ хэлбэрийг нээжээ. Уг дархлааны эсийн мэдрэгч нь эрүүл эсийг үл тоон харин бараг бүх хавдрын эсийг дарамтлах чанартай аж. Тус сургуулийн судлаачид бактерийн эсрэг бэлдмэл туршихаар Уэльсийн нэгэн эмнэлэгт хадгалагдаж байсан цусыг шинжлэх үедээ уг нээлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл маш чухал нээлт огт санамсаргүй байдлаар болсон аж. Лабораторийн судалгаагаар шинэ мэдрэгчтэй дархлааны эсүүд уушги, арьс, цус, бүдүүн гэдэс, хөх, яс, түрүү булчирхай, өндгөвч, бөөр, умайн хүзүүний хорт хавдрыг устгадаг болохыг тогтоожээ.Судалгааны удирдагч Кардиффын их сургуулийн анагаахын сургуулийн профессор Эндрю Сьюэлл уг нээлтээ “маш ер бусын үйл явдал” гээд үүний тусламжтай бүх төрлийн хавдрыг эмчлэх эм бүтээх боломжтой хэмээн мэдэгджээ. “The Telegraph” сонины сэтгүүлчийн “Одоо хүн төрөлхтөн хорт хавдраас бүрэн дархлагдах боломжтой гэсэн үг үү” гэсэн асуултад тэрбээр “Магадгүй. Энэ дархлааны эс нь маш ховор тохиолддог, эсвэл олон хүнд байдаг ч тодорхой бус шалтгааны улмаас идэвхжээгүй үлддэг байх магадлалтай. Бид одоогоор хараахан мэдэхгүй байна” гэж хариулжээ. Мөн Эндрю Сьюэлл хэлэхдээ түүний багийнхан олон бэрхшээлийг даван туулж байж уг дархлааны эс хүний эрүүл эсэд үнэхээр хоргүй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй аж. Хэрэв энэ нь нотлогдож амжилтад хүрсэн тохиолдолд сонгодог бус Т-лимфоцитыг ашиглан хорт хавдрыг эмчилдэг шинэ аргуудыг хэдхэн жилийн дараа нэвтрүүлэх боломжтой юм байна.Эрдэмтэдийн уг эрдмийн ажил Nature Immunology сэтгүүлд хэвлэгдсэн аж.