Одоогоос зургаан жилийн өмнө “Завханы Эрдэнэ-Очирын”хэргийн талаар хэвлэл бүхэн бичиж, алуурчин хэмээн шуугиж байлаа. Гэтэл нийтээрээ алуурчин гэж зүхээд байсан хүн маань бүх шатны шүүхээс цаазаар авах ял авсан ч гэмт хэрэг нь удаа дараа задарсаар, эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс зайдуу байдаг Ч.Эрдэнэ-Очир гуайг хайсаар, сурагласаар уулзаж ярилцлаа.
-Та сэтгүүлчдээс баахан дөлөх юм аа. Яагаад тэр вэ. Бас зургаа авахуулах дургүй юм?
-Хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгосноос бус намайг цагаатгаагүй шүү дээ. Одоо ч бид яллагдсан хэвээр л байна. Их хэцүү шүү дээ, энэ амьдрал гэдэг.
-Яагаад тэр вэ. Бүх шатны шүүхээс ялын дээд хэмжээ аваад тань шиг амьд гарсан хүн үгүй шүү дээ?
-Тэр ч тийм л дээ. Гэхдээ алуурчин гэдэг худал үг надтай л хамт булшлагдах бололтой. Би гэмт хэрэг үйлдээгүй, намайг үйлдсэнийг нотлох ямар ч баримтгүй атал хууль завхруулагчдын ур чадваргүй үйлдлээс болж ийм нэр зүүх болсон. Миний ах дүү, аав ээж нутаг усандаа байх газаргүй болоод бүгд хотод ирсэн.
Хэрэг хийгээгүйг мэддэг ч зарим нэг хүн “Танай хүү алуурчин. Та нар алуурчнаа дээр доргүй гүйсээр гаргаад авсан биз дээ” гэж хэлнэ. Өдгөө 70 хол гарсан аав, ээж хоёр минь энэ аймшигтай үгийг яаж ч тэвчих билээ. Би хүний ёсоор амьдрах гээд ажил хийж байтал Ерөнхийлөгч энэ оны нэгдүгээр сарын 13-нд цаазаар авах ялыг халах тухай ярихдаа миний нэрийг дурдаад, жишээ татаад ярьчихсан. Гэтэл төд удалгүй ямар ч шалтгаангүйгээр намайг ажлаас халчлаа.
Яагаад ингэж байгааг асуугаад ч хэрэггүй гэдгийг би ухаарсан. Тэр хүмүүсийн оюун ухаанд “Энэ алуурчин” гэдэг бодол байгаа учир тэр биз дээ. Үнэндээ би хүний амь нас хөнөөгөөгүй. Хувийн байгууллага болохоор хэнийг халж, хэнийг авах нь тэр хүмүүсийн хэрэг.
Ингээд л би гэдэг хүн ажилгүй болоод хохирох жишээтэй.
-Завханы хүн амины хэргийн талаар сэтгүүлчид олонтаа бичсэн. Чухам юу болсон, яагаад таныг сэжигтнээр татсан тухай ярих уу. Цагдаагийнхан тантай холбоотой ямар баримт олсон юм бол. Олон жилийн хойно та эргээд бодоход энэ хэргийг тэр хүн үйлдэж дээ гэж таамаглах, сэжиглэх хүн байдаг уу?
-Олон жилийн дараа анх удаа сэтгүүлчтэй нүүр тулан уулзаж, хэргийн талаар ярьж сууна. Зарим нь намайг үхсэн, өөрийгөө егүүтгэсэн гэж бичсэн байна билээ. Улсаас 69 сая төгрөг авсан ч гэх шиг. Үнэнийг олж мэдээгүй, мэдэхийн төлөө явдаггүй хэрнээ худал хуурмаг зүйл бичиж, нэр хүнд олсон сэтгүүлч олон бий.
Тухайлбал Завханы сэтгүүлч, хуульч гэгддэг н.Сэлээд гэгчээс эхлээд жагсаавал олон нэр гарна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт 1995 оны 12 дугаар сарын 31-нд энэ хэрэг гарсан юм. Нэг хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг л дээ. Одоо эргээд бодохнээ энэ гэмт хэрэг ах дүүсийн маргаанаас улбаатай.
Нэг хүүхэнтэй ах, дүү хоёр хайр сэтгэлийн холбоотой болоод, хэрэг гардаг өдөр ах нь тэр бүсгүйтэй хамт байж байгаад дүүдээ баригдсан л юм билээ. Эхэндээ цагдаагийнхан гурван хүнийг саатуулж шалгаж байгаад, тэдний нэгний гүтгэлгээр намайг сэжигтнээр татсан.
- Хууль гэж байна. Тэр дундаа манайхан Эрүүгийн хуулийг олон жил ашиглаж ирсэн туршлагатай. Сэжигтэн, яллагдагчаар татахын тулд заавал нотлох баримт хэрэгтэй биз дээ. Таныг хэрэгт татах ямар баримт, нотолгоо байсан юм бол?
-Юу байдаг юм бэ. Ямар ч баримт нотолгоо байхгүй. Тэр бүү хэл хэрэг гарсан газраас 30 км цаана байсан гэрээс минь хутга авчраад, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хуурамч баримт бүрдүүлсэн цагдаагийнхан. Талийгаачийн хумсны завсраас ногоон өнгийн нийлэг даавуун хувцасны нэг ширхэг утас олсон.
Ингээд л намайг ногоон тэрлэгтэй болгох гээд зүтгэчихсэн юм, мөрдөн байцаагч. Дүү, хүргэн ах хоёрыг маань сумаас авчирч зодож, айлгаж сүрдүүлэн “Ахад чинь хэрэгтэй. Ногоон дээл бий гээд хэлчих” гэж дарамталсаар хэлүүлснийг тэд одоо ярьдаг юм.
-Та өмгөөлөгчдөө энэ тухайгаа яагаад хэлж болоо гүй юм бэ. Мөн мөрдөн бай цаагч нарын ажлыг прокурор гэдэг бүрэн эрхтэй хүн хянадаг. Энэ хүнд үнэн байдлыг хэлж болоогүй гэж үү. Тухайлбал гэрээс чинь хутга авчирсныг?
-Хэн нь хэнийгээ хянадаг юм бэ. Хуулиндаа цагаан дээр хараар буусан тэр заалт хэрэгждэг юм уу. Хэн ч тоодоггүй, хэрэгжүүлдэггүй л байхгүй юу. Мөрдөн байцаагчид хоёр сав ус байна. Мөрдөн байцаагч прокурорт тал усаа өглөө. Амташсан прокурор болдог юм байна гээд арай илүүг авахыг хичээнэ. Байцаагч дахиад талыг, бүр бүтнийг өгөхөд тэд нэг баг болчихдог л байхгүй юу.
Ингээд л хэнийг гэмт хэрэгтэн болгох, үгүйгээ тохиролцож эхэлдэг. Нэг хэтэвчтэй хүмүүс хууль зөрчиж байгаа нэгнээ хэзээ ч илчлэхгүй шүү дээ. Харин яаж эрх мэдлээ ахиулах вэ, яаж хоёр биш арван сав устай болох вэ гээд л зүтгэж эхэлдэг. Хүн амьдралынхаа төлөө зүтгэлгүй л яах вэ.
Гэхдээ өөрийнхөө төлөө замд таарсан бүхнээ золиосолж болохгүй гэдгийг мэддэггүй юм билээ. “Энэ хутга хэргийн газар байгаагүй шүү дээ” гэж шүүх
хуралд намайг хэлэнгүүт “Чи хэн бэ, дуугүй бай. Шүүх хуралд үг хэлэх хүн чи биш” гэчихдэг. Өмгөөлөгчтэйгөө уулзах гэхээр заавал хажууд нэг хүн байна. Үнэн байдлыг хэлүүлэхгүй. Ингэж хавчиж байгаад л ялтан болгодог юм билээ.
-Нэг зүйл анхаарал татсаар байдаг юм. Цагдаагийн ажилтнуудаас хэн таны эрхийг бүдүүлгээр зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулж, тарчлааж байсан юм бэ. Нэрийг нь хэлээч. Та гэмт хэрэг үйлдээгүй хэрнээ гавныхаа ормоор бөөсттөл тарчилж байсан гэдэг?
-Тэр үнэн. Анхан шатны шүүх хурлаар надад ялын дээд хэмжээ өгсөн тэр өдрөөс хойш гурван шатны хурал дуустал би гараа ардаа гавлуулж, бөөсөндөө баригдсан.
-Гурван шатны шүүх ээ. Арай ч үгүй байлгүй. Бүх шатны шүүх хурал болтол наад зах нь гурван сар болно шүү дээ. Та ардаа гавтай яаж хоол идэж, бие засаж байсан юм бэ. Эсвэл нүцгэн байсан юм уу?
- Хүн сонсоод итгэдэггүй л юм. Гэхдээ хүн гэдэг зовлонг давдаг л юм билээ. Хянагч нар хөнгөн цагаан тавганд хоолорхуу зүйл хийгээд шидчихнэ. Хүн л болсон хойно өлсөхийн эрхэнд тавгийг амаараа зууж байгаад нохой адил иднэ. Шавхруу идсэн ч хэд хоногийн дараа хүн бие засах хэрэг гарна.
Ардаа гавтай ч өмдөндөө бие засахгүй байхын тулд аль байдгаараа хичээнэ. Хүнийг тэгж л тарчлаадаг юм билээ. Би шоронгийн наад захын зүйлээс ярьж байгаа юм шүү. Цаашлаад шоронгийн амьдралыг олон нийтэд дэлгэх хүсэл надад алга. Би бусдад хар энерги өгөхийг хүсэхгүй байна. Чи цагдаагийнхныг илчлээч гэлээ. Хүнийг эрхийг зөрчиж, хууль бус ажил хийсэн тэдэнд хариуцлага тооцох нь бүү хэл, өнөөдөр хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа шүү.
-Нэрийг нь хэлж боолохгүй гэж үү. Одоо ямар алба, хаана хашиж байгаа гэж. Улайн цайм хууль зөрчсөн хүмүүсийг илчилбэл бусдад нь сургамж болно шүү дээ?
-Энэ нийгмийг шударга байгаасай гэж бодож, хүсэж яваа чамд талархаж байна. Хэ зээ ч тэдэнд арга хэмжээ авч, хариуцлага тооцдоггүй л байх гүй юу даа. Хэрвээ тэд нэгний гээ буруутгавал хууль зүйн салбарынхан тэр чигтээ буруудчих байх. Тиймээс бие биенээ хамгаалж, нуун дарагдуулдаг.
Хэлээд ч нэмэр байхгүй. Миний хэрэг дөрөв таван удаа задарсан байх. Хамгийн сүүлийн удаа ялын дээд хэмжээгээр зүйлчлээд явуулсан хүн “Чи их заргач хүн гэл үү. Ингээд чи яв даа. Чи бид хоёр дахиж уулзахгүй байх. Баяртай” гэж хэлж байсан. Намайг цаазаар авахуулна гэж бодоод эцсийн удаа хэлж байгаа үг нь тэр.
-Ингэхэд танаас Монголын төр уучлал гуйсан уу. Үр хүүхэд, аав ээж чинь “Миний аав, хүү гэмт хэрэгтэн биш” гэдэг үгийг сонсохыг хүсэж л байгаа даа. Танд хохирлын нөхвөр болгож 65 сая төгрөг өгсөн гэсэн үү?
-Юун уучлал гуйх вэ. Саяхны нэг хэвлэлд намайг их хэмжээний мөнгө авсан, амьд явах эрхээ өөрийн хүслээр үгүй хийсэн гэж бичсэн байна билээ. Би 1995 онд 250 гаруй малтай, өөрийн гэсэн ажил төрөлтэй,сайхан явлаа. Гэтэл бүх зүйлийг маань үгүй хийсэн. Хүний эрхийн үндэсний комисст хандан хохирлоо барагдуулах өргөдөл гаргасан.
Нийт 30 орчим сая төгрөг нэхэмжилсэн ч 18 саяыг өгсөн. Энэ мөнгө бол долоон жилийн мал маллагаа, түүнийг ашиг шимийн л мөнгө. Эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг огт тоодоггүй юм билээ.
-Манай улсад хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэсэн ойлголт огт байдаггүй. Танд ч бас энэ хууль үйлчилжээ. Та ялын дээд хэмжээ аваад дараа нь гянданд цөөнгүй жилийг өнгөрүүлсэн байх аа?
-Дөрвөн жил гянданд хоригдсон.
-Гянданд хүн өндийх боломжгүй, хэвтэж л болдог нүхэнд байлгадаг гэж дуулсан. Ямар орчин нөхцөлтэй байдаг юм бол?
-Энэ тухай ярих хориотой байдаг. Авдрантын гяндан Тахир соёот руу нүүсэн. Шинэ газарт орчин арай дээрдсэн.
-Цагдаагийнханд хүчээр хэрэг хүлээлгэх бусармаг арга байна. Энэ мэт аргаар шийдсэн хэрэг цөөнгүй бий. Олон нийт одоо ч эргэлздэг Б.Баярбатын хэрэг гэж байна. Аав, ээж, дүү, дүүгийнхээ хүүхдүүдийг хөнөөсөн хэргийг та санаж байна уу?
-Саналгүй яахав. Би Б.Баярбаттай Ганцхудагт байхад уулзаж байсан. Тэр таван хүний, тэр тусмаа хамгийн ойр дотныхоо хүмүүсийг хөнөөгөөгүй гэдгээ олонтоо надад хэлж байсан. Хөөрхий тэгээд хожим ертөнцийн мөнх бусыг үзсэн.
-Ингэхэд таны холбогдсон энэ гэмт хэргийн үйлдэгчийг олсон болов уу?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнг үй гээд хаасан юм чинь яаж олох юм бэ.
-Хүний амь нас хөнөөсөн хүн ямар ч ялгүй өнгөрч, мөрдөн байцаалт явуулсан нэрээр хүний эрх зөрчсөн цагдаагийн ажилтан албан тушаал ахиж, шагнуулж байхад нэг хүн амьдралаараа хохирч үлдэх нь дэндүү шударга бус байна. Миний бодлоор дөнгөж сургууль төгсөж байгаа цагдаагийн дэслэнч нарын цалинг нь өндөр өгвөл энэ мэт байдал бага ч гэсэн арилах болов уу гэж санагдах юм?
-Эрх мэдэлтэн, албан тушаалтан, мөнгөтэй хүн, ядуус, жирийн иргэдэд хууль тэгш бус үйлчлээд энэ нийгмийг идэж дуусаж байна шүү дээ. Би ч яахав , ингээд дуусах тавилантай хүн юм байна. Харин миний аав, ээж хүүгээ алуурчин гэж хэлүүлэхийн төлөө хүн болгож өдий зэрэгт хүргээгүй.
Намайг хэрэгт татахад би 30 гарч яваа залуу, хоёр хүүхэд маань сургуульд дөнгөж орж байлаа. Аав, ээж, хүүхдүүдийн минь зүрхэнд ямар их айдас хурсныг одоо ч би арилгаж чадахгүй юм даа (уйлав). Хүүхдүүдийг минь “Алуурчин аавтай” гээд хүүхдүүд гоочлоод байхаар дүү маань хотод авчраад арван жилийн сургууль дүүргэж байсан. Ямар сайндаа ингэж байхав дээ.
Цагдаагийн цалин хангамж өндөр байгаад ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Акулууд жараахайг дарамталж, өөд нь гаргахгүй шүү дээ. Тэгэхээр л нөгөө залуус амьдрахын төлөө, ажилдаа ахихын тулд тэдний замаар орчихно. Найдвартай үнэнч гар хөл нь болчихдог. Тэгэхээр бугласан энэ байдлыг үүсгэсэн хүмүүсийг нэг мөр зайлуулбал байдал дээрдэх болов уу.
-Та цаазаар авах ялыг халах тухай санал гаргадаг хүний нэг. Хүний эрхийг дээдлэх үүднээс зөв мэт боловч өнөөдөр Монголд цаг нь арай болоогүй мэт надад санагддаг. Хоёр жилийн өмнө Баянгол дүүрэгт онц ноцтой хэрэг гарсан. Ядарсан холын хамаатныхаа залууг ажилгүй, орох оронгүй байхад нь хажуудаа авч хүний зэрэгт хүргэхэд хожим нь хоёр охиных нь хоолойг хэрчсэн. Мөнгөний төлөө шүү. Санаатай ийм хэрэг үйлдсэн залуу ялгүй өршөөгдөж байх жишээтэй. Ийм байж болох уу?
-Үйлийн үр гэж манай хөгшчүүд ярьдаг даа. Энэ үг зүгээр нэг унасан сул үг биш юм шүү. Үйлийн үрээ хүн заавал эдэлдэг. Хүмүүс итгэхгүй л байгаа байх. Муу зүйл хийсэн хүн үйлээ яаж үздэгийг нүдээр харлаа, үзлээ. Гянданд анх очиход зуу гаруй ялтан байсан бол Тахир соёот руу нүүхж очиход тал нь нас барсан байлаа. Гэмт хэрэг хийж, хүний амь нас хөнөөсөн хүн яс арьс болтлоо турж, аль муугаа үзэн, үйлийн үрээ эдэлж байгааг би олонт харсан. Налайхын Горьдокт жирэмсэн эхнэрээ шатаасан хэрэг гарч байсныг хүмүүс санаж байгаа байх.
Өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдсэн эхнэр нь уурлахад надад саад боллоо гээд уурын зуух руу хийчихсэн юм билээ, тэр залуу. “Тэр хүүхнээс ганцхан чөмөгний яс үлдсэн” гэж бардамнан ярьж байсан залуу нэг мэдэхэд хоол, цай амаар нь оруут шууд доошоо гарчихдаг болсон. Тэгсээр байгаад нас барсан даа. Хүн турж эцээд тариа хийх булчин, махгүй болдог гээд бод доо. Хүмүүс амийг амиар гэдэг л дээ. Гэмт хэрэгтнийг алаад таны хайртай хүн эргээд босоод ирэхгүй. Түүнээс гадна алуурчин ч гэсэн тэр хүний аав, ээж нь шаналж зовно.
Нэг хүний үйлийг энэ мэтчилэн олон хүнд тохож болохгүй. Намайг хилс хэрэгт гүтгэн, доромжилж, худал мэдүүлэг өгч байсан хүмүүсийн ихэнх нь одоо нас барсан. Цэл залуугаараа бурхан болчихсон. Хүн сайн зүйл бодон, сайхныг мөрөөдөж явах учиртай. Манайхан сүүлийн үед энерги гэж ярих болжээ. Энэ үнэн зүйл л дээ.
Миний аав, ээж хүнд муу санаж, муу зүйл хийж яваагүй, биднийг тийм замаар хүмүүжүүлсэн учир би энэ бүгдийг даван гарсан байх.
Х.Оюунсүрэн