Монгол Улсын эдийн засаг 2020 онд нэгэн зүйлээс ихээхэн шалтгаална. Тэр нь улс төрийн сонгууль. УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталж, санал хураах өдрийг зургадугаар сарын 24 гэж тогтоох санал гаргаад байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаандаа олон тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн яриа бий. Гэхдээ үүнийг батлах баримт үгүй. Нэр дэвшигчийн амбиц, санхүүгийн чадамжаас сонгуульд зарцуулах мөнгөнийх нь хэмжээ хамаарна. УИХ-ын 2016 оны сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд төдий тооны нэр дэвшигч өрсөлдөх болов уу. Нэг нэр дэвшигч тэрбум төгрөгийн зардал гаргана гэж тооцвол 500 тэрбум төгрөг зах зээл рүү урсана. Мөн нийслэл, дүүрэг, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийг сонгох учиртай. Олон хүн зохих хэмжээний зардал гаргаж, сонгуульд өрсөлдөнө. Нэр дэвшигчид нэг их наяд гаруй төгрөг зах зээлд нийлүүлнэ гэж төсөөлье. Үүнээс их мөнгө нийлүүлж ч магадгүй.
Эрх баригч хүчин сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараах, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт попиулист санаачилгыг сонгуулийн өмнө хэрэгжүүлдэг. Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь ийм санаачилгын эхлэл юм. “Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Уг компанийн төлөөлөл өнгөрсөн жилийн цэвэр ашгаасаа ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн. Ингэхээр олон тэрбум төгрөг зах зээл рүү урсах нь тодорхой. Сонгуулийн санал хураах хугацаа дөхөхөөр өөр олон популист санаачилга “мэндэлж” бэлэн мөнгө зах руу нийлүүлж магадгүй. Товчхондоо, мөнгөний нийлүүлэлт ихтэй жил болно гэсэн үг.
УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны дараа Засгийн газраа шинээр эмхлэн байгуулна. Шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа бодлогыг тодорхойлно. Бодлогоо хэрэгжүүлэхэд санхүүжилт чухал. Засгийн газрын бодлогоос хамаарч, төсөвт тодотгол хийх магадлалтай. Төсөв эдийн засгийн нэг чухал хэсэг. Эдийн засгийн төлөвийг өөрчлөх нөлөөтэй хүчин зүйл юм. Шинэ Засгийн газрын Сангийн сайд төсвийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй эргэн харж, танах болов уу. Харин урсгал зардлыг нь хөндөхгүй байх. Энэ оны төсвийн урсгал зардал 1.8 их наяд буюу 20 хувиар нэмэгдсэн. Үүний 61 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт эзэлж байгаа. Хэрэглээг дэмжих мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.
Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгө хэрэглээг дэмжинэ. Тэгэхээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт өсөлт гарах болов уу. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр инфляц, валютын ханш өсөх сөрөг талтай. Бороо их орохоор үер болдогтой л адил. Бороо орох сайхан ч үер болохоор гамшиг нүүрлэдэг билээ. Инфляц зорилтот түвшин буюу найман хувиас давж, ам.долларын ханш 2900 орчим төгрөгтэй тэнцэх болов уу. Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр Монголбанк инфляц, валютын ханшийг тогтворжуулахаар бодлогын хүүгээ өсгөнө. Ийм бодлогын нөлөөгөөр банкууд бизнесийн зээл олголтоо буурна. Ингэхээр эдийн засгийн бодит секторт ажлын байр нэмэгдэж, нэмүү өртөг шингэхгүй. Нэг талаар эдийн засгийн өсөлт маань хэрэглээг дэмжсэн, нэмүү өртөг бүтээхгүй учраас чанар муутай болно гэсэн үг.
Монгол Улсын эдийн засгийг Дэлхийн банк 6.3, Азийн хөгжлийн банк 6.1, Олон улсын валютын сан болон Сангийн яам зургаа, Монголбанк 5.6 хувиар өснө гэж таамагласан. Манайхыг уул уурхай, хөдөө аж ахуйн орон гэж ойлгож болно. Зуд болж, ган тохиохгүй бол хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнийг дунджаар дөрвөн хувиар өсгөдөг гэсэн тооцоог Монголбанкнаас хийсэн байдаг. Дээрээс нь уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байвал манай дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх нь тодорхой. Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөө бусад салбараа “түлхээд” дээшлүүлдэг. Харин эрдэс түүхий эдийн үнэ хямдарвал худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг сааруулдаг. Ингэхээр эдийн засгийн өсөлт нэлэхийдээ буурдаг юм.
Дэлхийн зах зээлд унци алтны үнэ 1500 ам.доллар давж, сүүлийн таван жилийнхээ дээд түвшинд хүрлээ. Мөн зэсийн ханш илүү өснө гэсэн хүлээлт бий. Улбар металлын ханш өсөх, эсэх нь Хятадын бодлогоос шууд хамаарна. Хятадын дэд бүтэц, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн өсөлт зэсийн ханшийг дээшлүүлнэ гэж шинжээчид тооцож буй. Тэгвэл манай улсын экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас хойш буурсан. Одоогоор Тавантолгойн ордын нүүрсний үнэ уурхайн аман дээр 20 ам.доллароор хямдраад байгааг экспортлогчид дуулгалаа. Гэвч хоёрдугаар сарын сүүлчээс нүүрсний үнэ өснө гэж тэд таамаглаж байна. Олонх шинжээч нүүрсний үнэ өнөөгийн түвшнээсээ бага зэрэг өснө гэж таамаглаж буй. Тэгэхээр түүхий эдийн ханш хямдрахгүй нь гэж төсөөлж болох нь. Иймээс эдийн засаг олон улсын болон Монголын санхүүгийн байгууллагуудын таамаглалд дүйх болов уу. Дэлхийд гэнэтийн хямрал тохиохгүй бол эдийн засгийн өсөлт тогтвортой байх нь.
Монголын эдийн засгийн сорилт нь дээр дурдсанчлан инфляц, валютын ханшийн өсөлт байна. Валютын ханшийн өсөлт инфляцаа улам гааруулах нигууртай. Монголбанк инфляц, валютын ханшийг тогтвортой “барихаар” мөнгөний хатуу бодлого явуулбал эдийн засгийн өсөлт санхүүгийн байгууллагуудын төсөөлж буйгаас ч доошлох магадлал бий. Цалин хөлс нэмэгдсэн ч нийт иргэдийн худалдан авах чадвар буурах, иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх итгэл улам сулрах жил байх болов уу.
Эдийн засгийг тэтгэдэг өөр нэг гол суваг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Манай улсад өнгөрсөн жил 1.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оржээ. Үүний нэг тэрбум гаруй ам.долларыг “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Энэ жил ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс уул уурхайд оруулах гадаадын хөрөнгө буурна. Уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг ганц салбар нь уул уурхай юм. УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоол батлаад буй. Дараагийн Засгийн газар “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суух болов уу. Хэлэлцээрийн явцад гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоовол гадаадын хөрөнгө оруулалт буурна. Энэ нь мөнөөх ам.долларын ханшийг өсгөх нэг ташуур болно. Мөн эдийн засгийн өсөлтийг сааруулах сөрөг талтай билээ.
Аливаа улсын эдийн засгийн бодлого дундаж давхаргаа бэхжүүлэх, ажлын байр бий болгож, иргэдийнхээ орлогыг өсгөн, ядуурлыг бууруулах зорилготой байдаг. “Сайн” ажлын байр бий болгох нь ядуурлыг бууруулах хамгийн чухал гарц. Гэвч улсын бодлого ийм зүйл рүү чиглэдэггүй билээ. Энэ жил ажлын байр өсөхгүй, ядуурал ч өндөр хэмжээндээ байна гэж таамаглая. Эдийн засгийн ирээдүйн төлөвийг “тольдох” энгийн таамаг ийм байв.