АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа олны өмнө эхнэр Мишельтэйгээ тэврэлдэж буй зураг цахим сүлжээнд асар их хандлага авсан байдаг. Тэгээд ч тэднийг манай цаг үеийн улс төр дэх хамгийн романтик хос хэмээх болсон аж. Сэтгэл нь хөдөлсөн тэргүүн хатагтай Мишель Обама “Сонгуулийн өмнөх компанит ажлыг өнгөртөл нөхрийнхөө царайг бараг хараагүй болохоор түүнийгээ тэврэхэд үнэхээр сайхан жаргалтай байна” гэж тайзан дээрээс хэлсэн бол Обама “Би чамайгаа тэврэх дуртай шүү” гэж нэмж дуугарсан юм. Өөгүй сайн эхнэр улс төрч нөхрийнхөө имижид маш эерэгээр нөлөөлдгийг хэн хүнгүй мэднэ. Хатагтай Обамагийн хувьд аливаа юманд шулуун шударга, чин сэтгэлээсээ хандаж, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ил гаргаж чаддагаараа үнэхээр өөгүй нэгэн аж. Харин америкчууд амжилттай, жаргалтай гэр бүлийн нууц нь “Мишель+Обама” гэсэн томьёололд оршдог юм байна гэж бодох болжээ. Энэ нууцын талаар ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёроос асуухад “Бүх л хосуудын адил бидэнд өсөж бас уруудах үе байсан. Гол нь тэр хүнд хэцүү үеийг хамтдаа давж сурах нь чухал. Бас зөндөө инээж байх хэрэгтэй” гэж тэд инээмсэглэн хариулсан байдаг Алиа хөгжилтэй байх нь гэр бүлийн нэг бат бөх суурь юм гэдгийг Обамагийн гэр бүл өөрсдийн жишээн дээр нотлох мэт үнэхээр их инээдэг аж. Цагаан Ордны хамгийн их инээдэг хос гэж хүртэл нэрлэгдсэн байх юм.
Ирээдүйн ерөнхийлөгч Барак Обама, ирээдүйн тэргүүн хатагтай Мишель Робинсон хоёр 1989 онд танилцжээ. Чикаго хотын дундаж гэр бүлд төрж өссөн Мишель хэзээ нэгэн цагт дэлхийн агуу том гүрний тэргүүн хатагтай болно гэдгээ мэдсэн юм шиг сайн хүмүүжил боловсролыг олж авчээ. Тэрбээр дунд сургуульдаа үргэлж онц сурах тул багш нар нь охиныг гоц авьяастай хүүхдүүдийн сургуульд сургахыг зөвлөжээ. Мишель гоц авьяастны сургуулийг ч онц төгссөн аж. Принстоны Их Сургууль мөн Харвардын Их сургуулийн дэргэдэх хууль зүйн сургуулиудыг амжилттай дүүргэсэн тэрбээр Барактай танилцах үедээ Чикаго хотын “Сидней Остин” хэмээх хууль зүйн компанид ажиллаж байв. Залуу ажилтных нь хувьд Мишельд тус компанид дадлага хийхээр ирсэн Харвардын Их Сургуулийн оюутан Барак Обамаг даатгасан байна. Мишельтай харьцуулахад Барак юм юм үзсэн нэгэн байлаа. Гавайид төрсөн түүнийг гурван настай байхад нь эцэг эх нь салсан аж. Тэдний гэр бүлийг эмээ нь тэжээж байсан гэдэг. Эмээ нь хэдий дунд боловсролтой ч нарийн бичгээс Гавайин банкны анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болтлоо дэвшсэн гайхалтай намтартай нэгэн аж.
Ээж, эмээгийнхээ ачаар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх цуцашгүй тэмцэгч болсноо Америкийн 44 дэх ерөнхийлөгч тодотгох дуртай. Гэхдээ Барак үлгэр жишээч хөвгүүн байгаагүй гэдэг. Нэр төртэй сургуульд сурдаг ч хааяа дэггүйтдэг нэгэн байв. Сонгогчидтойгоо хийсэн уулзалт дээр өөрийнхөө тухай ярьснаар бол Барак сургуульд сурч байхдаа хар тамхи сэм сэмхэн татдаг, архийг ч хүртчихдэг байсан гэдэг. Гэхдээ хэзээ ч зогсох ёстой зурвасыг давж байсангүй. Өөрийнх нь боловсрол хүмүүжилд хамаг бүхнээ зориулсан эмээ, ээж хоёрыгоо зовоохыг хүсээгүй ажээ. Дунд сургуулииа Барак мөн л онц дүнтэй төгссөн байна. Колумбийн Их Сургуулийг бакалавр зэрэгтэй дүүргээд Олон улсын бизнес корпорацид ажиллаж байгаад 1988 онд Харвардын Их сургуулийн Хууль зүйн суургуульд орж суралцжээ. Ингээд Мишель Барактай танилцахаасаа өмнө нь зургийг хараад “За яах вэ. Амьдрал дээрээ тийм ч царай муутай биш байж магадгүй” гээд санаа алджээ.
Мишелийн найдвар талаар өнгөрсөнгүй. Обама амьдрал дээрээ тун ч дажгүй залуу байлаа. Удалгүй Обама зан чанарын хувьд ч дажгүй гэдгээ харуулжээ. Бас залуус ижилхэн зүйл сонирхдог, таашаал ижил, инээдийг нь хүргэдэг зүйл хүртэл ижил байсанд гайхацгаасан гэдэг. Тиймээс тэд тун хурдан найзууд болжээ. Харин Барак Мишельтэй зөвхөн найз нөхдийн хэмжээнд байхыг хүсээгүй байна. Түүний хувьд Мишель хүсэн хүлээж байсан бүсгүй нь мөн байв.Ингээд Обама зориг гарган байж халамжлан хүмүүжүүлэгчээ болзоонд урьжээ. Гэтэл Мишель татгалзсан байна. Тийм ч хариу сонсох болов уу гэж дотроо бодож байсан залуу бууж өгөхийг хүсээгүй бөгөөд дахин нэг биш удаа бүсгүйг урьжээ. Ингээд бүтэн сар Обамагийн өөрийнх нь хэлснээр “эцээх арга” хэрэглэснээр Мишелийг зөвшөөрүүлжээ. “Болзооны өдрөө маш удаан хүлээсэн тул миний сэтгэл маш их хөдөлж байлаа” гэж Обама нэгэн ярилцлагадаа хэлж байсан бол Мишель “Би түүний ухаан, өргөн мэдлэг бас өөрийнхөө үзэл бодлыг ямар тодорхой ойлгомжтой ярьж, тэрхүү бодолтой нь сонссон хүн болгон санал нэгдэж, үнэмшиж байгааг хараад дурласан” гэжээ. Тэд болзооны анхны өдрөө “Do the Right Thing” \Зөв зүйлээ л хий\ гэсэн нэртэй кино үзэн дараа нь хоолонд орж, хэсэг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалжээ. Обама дурлалт бүсгүйгээ гэрт нь хүргэж өгөөд анх удаа үнэсжээ. “Би анх Мишелийн уруул дээр үнэсэхэд надад шоколад амтагдсан. Тэр надад маш их таалагдаж билээ. Тэгээд харьж явах замдаа би түүнд шоколадтай мөхөөлдөс авч өгснөө санасан” гэж Обама “ The Audacity of Hope” \Итгэл найдварын аймшиггүй цөс зориг\ гэдэг номондоо бичсэн байдаг.
Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрын анх үнэсэлдсэн газар одоо Обамагийн “Би түүнийг үнэсэхэд шоколадны амт мэдэрсэн” гэсэн үгстэй дурсгалын чулуу байдаг ажээ. Тэр анхны үнэсэлтээс хойш тэдний харилцаа цэцэглэн сайхан романтик хоёр жилийг үджээ. Энэ хооронд Мишелийн эцэг нас барахад Барак найз бүсгүйнхээ уй гашууг үнэнчээр хуваалцан ажил явдалд нь ихээр тусалжээ. Нэг орой ажлын дараа дурлалт хос “Naha” зоогийн газар хооллон амттанаа идэж дуусаад байтал Барак энгэрийн халааснаасаа тод улаан өнгийн жижигхэн хайрцагтай бөгж гаргаж ирээд Мишелийг эхнэрээ болооч гэж гуйсан байна. Мишелийн хувьд энэ жинхэнэ гэнэтийн явдал байсан гэдэг. Ингээд 1992 оны арав дугаар сарын 18-нд Чикаго хотын Христийн гэгээн Гурвалын дуганд Барак, Мишель нар хуримаа ёслон эхнэр нөхөр болжээ.
Залуу гэр бүл болгонд тулгардаг асуудал тэднийг тойроогүй нь мэдээж. Хамгийн түрүүнд тэд хамтын амьдралдаа дасах хэрэг гарчээ. Обама найз нартаа эхнэр нь түүнийг тамхины үнсээ хамаагүй хаялаа , эсвэл хаа тааралдсан газраа оймсоо тайллаа гэж үргэлж янших юм гэж гомдоллож байсан бол түүний гэртээ үргэлж оройтож ирдэг бас хурхирдаг нь Мишелийн хамгийн их дургүйцлийг төрүүлж байв. Анхны хүүхэд Малия охиныгоо төрсний дараа байдал улам хүндэрсэн гэдэг. Ар гэрийн бүх асуудал Мишелийн нуруун дээр тохогджээ. Харин Обама хамаг цаг зав, хөлс хүчээ улс төрд зориулах болсон байна. Нөхрийнхөө сонгосон замыг Мишель дэмжихгүй байлаа. Хуульч мэргэжлээрээ гайгүй цалин авах боломж байсаар байтал хамаг цагаа бүтэшгүй мөрөөдөлдөө зориулж, өөрийнхөө үзэл бодлыг гэр бүлээсээ дээгүүр тавьж байна гэж бүсгүй эр нөхрөө буруутгадаг байв Хоёр дахь охин Наташаг төрөхөд тэр хоёр бүр салах дээрээ тулах шахсан аж. Өндөр боловсролтой, мэргэжлээрээ хол явна гэж эргэн тойрныхондоо магтагдаж байсан Мишель нөхрийнхөө хоолыг хийж, хүүхдүүдээ харан дөрвөн хананы дунд сууж залуу насаа өнгөрөөхийг хүсэхгүй байлаа. Харин Обама эхнэрийнхээ үглэхээс залхаж байв. Тэдний гэр бүлийг бага охиных нь хүндээр өвчилсөн явдал аварчээ. Цахилгаан менингит хэмээх аюултай өвчин тусан үхэл амьдралын зааг дээр ирсэн охиныгоо эцэг эх хоёр нь хамтдаа өдөр шөнөгүй сахих болжээ. “Миний хувьд ертөнц нэг л зүйл дээр төвлөрсөн байлаа. Эмнэлгийн хананы цаана юу ч болж бай надад огт хамаагүй байлаа. Ажил, төлөвлөгөө, уулзалтууд гээд бүгд охины минь хажууд юу ч биш болсон байв” гэж Обама дурссан байдаг. Охиныгоо эдгэрсний дараа Мишель нөхөртөө улс төрд гэр бүлтэйгээ хамт ор гэсэн нөхцөл тавьсан байна. Ингэснээр Обама үнэхээр гэр бүлдээ ч цаг гаргаж, улс төрд ч нэр хүндээ олсон байна.
Мишель нөхрийнхөө улс төрийн ажилд тал бүрээс нь дэмжиж туслан, хамгийн гол зөвлөгч нь болсон юм. Ерөнхийлөгч Обама өөрөө ч улс төрийн чухал асуудлыг эхнэртэйгээ зөвлөлдөж ярилцдаг гэж нуулгүй хэлсэн байдаг. Мишель нөхрийнхөө албан ёсны хэлэх үгэн дээр голлох ажлыг хийхийн хажуугаар ерөнхийлөгчийн имиж бүрдүүлэгчийг маш сайн гүйцэтгэдэг байв. 2010 онд нийгэм эдийн засгийн хамгийн нэр хүндтэй “Forbes” сэтгүүл Мишель Обамаг дэлхийн хамгийн нэр нөлөөтэй эмэгтэйгээр нэрлэсэн байдаг. Мишель улс төрд идэвхтэй байхын зэрэгцээ Америкийн хамгийн ганган бүсгүйчүүдийн тоонд орон, төрөл бүрийн загварын санал асуулгыг тэргүүлж эхэлсэн юм.
“Хүмүүс ерөнхийлөгчийн эерэг чанарын талаар маргалдаж болно. Харин тэргүүн хатагтай төгс чанарын талаар хэн ч маргахгүй болов уу” гэж Обама ярьжээ. Энэ эр хүний гайхамшигтай хайрын нотолгоо биш гэж үү? Жил болгоны аравдугаар сард Мишель, Барак хоёр гэр бүл болсныхоо ойг тэмдэглэдэг. Тэд энэ өдрийг хамтдаа тэмдэглэж байна гэж нэг нэгэндээ амласан аж. Обама ерөнхийлөгч байхдаа ч “Мишэльтэй гэрлэх зөв шийдвэр гаргасан” өдрийг тэмдэглэх зав гаргадаг байжээ. Гэр бүл, ямар ч чухал ажлыг зохицуулан ажилтанд хүрч, аз жаргалтай амьдарч болно гэдгийг Обамагийн түүх нотлох аж.