Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилэх үедээ "тэтгэврийн зээлийг тэглэнэ" хэмээн хэлсэн нь олон асуултыг дагуулах болов.
Тодруулбал тэрбээр "Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байна" хэмээсэн.
Монголбанкнаас гаргасан тайланд 2019 оны 11-р сарын байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлснээр тэтгэврийн зээлийг тэглэхэд ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай байх нь.
Тэгэхээр 2020 оны улсын төсөвт тэтгэврийн зээлийг тэглэх хөрөнгө тусгагдсан байх шаардлагатай. Тэгвэл энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ирэх оны төсөвт огт тусгагдаагүй. Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой" гэв.
Төсвийн мөнгийг захиран зарцуулахын тулд Сангийн яамаар урт хугацаанд судлагдаж, зөвшилцөж байж хамтын шийдвэр гарах ёстой байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснийг Сангийн яамны удирдлагууд урьдчилж мэдээгүй байжээ.
Тэгэхээр тэтгэврийн зээл дарах эсэх асуудал 2020 ондоо багтаад тийм ч хурдан шийдэгдэхгүй болж таарлаа. Мэдээж сонгуулийн дараа 2021 оны улсын төсөв яригдана. Тэр үед одоогийн эрх баригчид Засгийн газар, УИХ-д байх уу гэдэг эргэлзээтэй. Шуудхан хэлэхэд, 2020 оны сонгуулиар одоогийн төр засгийн удирдлагууд дахин гарснаар тэтгэврийн зээлийг тэглэх болж байна. Үүнийг "шоу" гэж хэлэх хүмүүс ч олон байна.