Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх буудлаар БНСУ-ын иргэд 13.3 кг алт гаргах гэж байгаад тагнуулынханд саатуулагдсан. Тус улсын харьяат 33-42 настай 13 эрэгтэй шулуун гэдсэндээ 0.8-1.2 кг алт цувин гялгар уутанд нуусан байсан бөгөөд тэдэнд эм уулгаж, алтыг нь гаргаж авсан гэнэ.
Улмаар солонгосчуудыг Ганцхудагт цагдан хорьж, хураасан алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд шүүхийн шийдвэр гартал хадгалуулахаар шилжүүлсэн. Солонгосчуудыг ТЕГ-ын мөрдөн байцаагч сэжигтнээр тооцон мэдүүлэг авч дууссан бөгөөд уржигдар тэднийг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар бүлэглэн онц их хэмжээгээр эд зүйл хилээр нэвтрүүлэхийг завдсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татжээ.
Энэ зүйл ангид зааснаар тэдний гэм буруу нь шүүхээс тогтоогдвол найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх бололтой. Тэд Тагнуулын газарт өгсөн тайлбартаа “Монголд жуулчлах шугамаар орж ирээд 3-4 хоноод буцах ёстой байсан. Ингээд нутаг буцах гэж байгаад баригдсан” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд нэгнийхээ ятгалгаар зочид буудалдаа бие биеийнхээ шулуун гэдсэнд алт хийсэн гэнэ. Улмаар Монголын хил гаалийн хяналт сул байдаг хэмээгээд гарахаар явж байжээ.
Г.ОРЧЛОН