Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл нар өнөөдөр 80 сая ам.долларын Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт нэгдсэн эмнэлэг барьж зургаан суманд эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар болжээ
Энэ үеэр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хэлэхдээ "Азийн хөгжлийн банк нь 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ хугацаанд нийт 132.55 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Өнөөдөр гарын үсэг зурж байгаа энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банк, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд дэмжин ажиллаж байгаагийн илрэл болж байна” гэв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр 80 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл юм" гэж хэллээ.