“Рояал” академийн салбар сургуульд багшилж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Стивен гэгчийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн есдүгээр сард саатуулсан. Дунд сургуульд багшилж, чөлөөт цагаараа томоохон цэнгээний газруудад дижей хийдэг тэрбээр Монголд өмнө нь хэдэнтээ ирж байсан аж. Стивен хамгийн сүүлд наймдугаар сарын эхээр манай улсад ирэхдээ дээрх хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, есдүгээр сарын 16-ны 06.45 цагт Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрээс түүнийг баривчилсан. 41 настай тэрбээр саатуулагдах үедээ мансуурсан, бас зургаан грамм мансууруулах бодис халаасандаа хийж явсан юм. Мөн түүнээс хэд хэдэн бэлгэвч илэрсэн байдаг. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Стивенд шүүхээс хилээр гарахыг нь хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ.