Ес эхэллээ. Утаа ч ихсэв. Уг нь улаанбаатарчууд энэ өвөл сайжруулсан түлшийг бүх нийтээрээ хэрэглэж байгаа. Гэвч утааны хүхэрлэг чанар нэмэгдээд байгааг мэргэжлийн байгууллагынхан анхааруулсан. Харин албаны хүмүүс үүнийг автомашины яндангаас ялгарч буй хүхэрлэг хийнээс үүсэлтэй гэж нэг бус удаа тайлбарласан билээ.
Автомашин хорт хий ялгаруулах үндэс нь ердөө хэрэглэж буй шатахуунтай холбоотой. Шатахуун чанаргүй, хуурамч байгаагийн хамгийн тод илрэл бол энэ.
Хуурамч шатахууны асуудал энэ өвөл бус, олон жилийн өмнөөс ярьсан сэдэв. Өнгөрсөн жил гэхэд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Лхагва “Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 280 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн буулгажээ. Хэрэв гаалийн татвар төлсөн бол вагон тутамд 12 сая төгрөгийн татвар ногдуулах байв. Татварыг тэглэснээс болоод улс ийм хэмжээний мөнгө алдсан гэсэн үг. Уг нь 2016-2017 онд оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүнээс татвар авсан бол импортлогчид 60 тэрбум төгрөгийн татвар төлөх байжээ” хэмээн мэдэгдсэн юм. Ингэж мэдэгдэж байсан байгууллага удахгүй чимээгүй болж, энэ асуудал тэгсхийгээд намжсан.
Харин он гараад өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүн импортлоход Засгийн газраас баримталж буй бодлогын талаар асуулга тавьсан юм. Асуулгын дунд автобензин, шатахууны чанарын талаар ноцтой мэдээлэл авсан байсныг энд дурдъя. Тодруулбал, “...Монгол Улсын шатахуунтай холбоотой нөхцөл байдлыг ашиглан 2016 оноос эхлэн зарим аж ахуйн нэгж керосин, нафта, химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүд гэх мэт нефть-химийн татваргүй бүтээгдэхүүнтэй холих замаар автобензин, дизель түлш үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр ашигтай борлуулж байгааг иргэд мэдээлсээр ирсэн... Судалгаанаас харахад, 2015 онд 16,2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4,3, 2016 онд нийт 85,6 мянган тонн бүтээгдэхүүнээс керосин 59,4 мянга, нафта 12,6 тонныг тус тус импортолсон байна. Үүнээс керосины хувьд авч үзэхэд шатахууны онцгой албан татвар (ОАТ)-ын хэмжээ бага байхад импортын хэмжээ зөвхөн хэрэглээний хэмжээгээр авч байсан бол татвар нэмэгдсэн 2016 оноос хойш керосины импортыг 72 хувиар нэмсэн үзүүлэлттэй байна. 2017, 2018 онд ч огцом нэмсэн байна. Мөн керосинтой хамтаар нефтийн нэрлэгийн хүнд, хөнгөн фракцын химийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирж буй нь хуурамч, чанарын шаардлага хангахгүй бензинээр хэрэглэгчдэд үйлчилж байгаагийн илрэл...” гэсэн нь анхаарал татахаар мэдээлэл юм.
Асуулгыг хариуг төд удалгүй Ерөнхий сайдыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн билээ. Тус мэдээлэлд Засгийн газрын зүгээс керосины хэрэглээгээ хэд дахин давсан хэмжээгээр импортолж байгааг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын 2018 оны арванхоёр дугаар сарын 10-ны 201 дүгээр захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бөөний, жижиглэнгийн худалдааа эрхэлж байгаа ААН-үүдийн бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийж дүгнэлт гаргахаар ажлын хэсэг томилсон байдаг. Ажлын хэсэг 2019 оны гуравдугаар сарын 4 гэхэд шалгалтын тайлангаа тавих ёстой байв. Гэвч өнөөг хүртэл албан ёсны тайлан мэдээлэл гараагүй.
Энэ асуудалд бизнесмен, эдийн засагчид, шинжээчид ганц л юм хэлдэг. Хуурамч шатахууныг бүрдүүлэгч гол бодис нь керосин. Керосиныг Монгол Улсын хилээр онцгой албан татваргүй оруулж ирдэг. Үүнийг л болиулаад, онцгой албан татвар ногдуулдаг болъё гэсэн санааг тэд хэлдэг юм. УИХ-ын нэр бүхий олон гишүүн энэ талаар санал, санаачилга гаргаж байсан удаатай. Тэгсэн хэрнээ хэн ч керосинд онцгой албан татвар ногдуулахыг хүсдэггүй.
Улсын төсвийн орлого бүрдүүлэхээр төр, засгаас янз бүрийн арга саам санаачилсаар байгаа. Зарим нь бүтэж, зарим нь бүтэхгүй нь ч байна. Тэгвэл төсвийн орлого нэмэгдүүлэх ганц шийдэл нь керосиныг онцгой албан татвартай болгох явдал юм.
Керосин импортлоход онцгой албан татвар төлдөг болчихвол олон сайн үр дагавар гарахаар байгаа. Нэгдүгээрт, онцгой албан татвараар их хэмжээний мөнгө төвлөрүүлэх боломжтой. Ингэснээр төсвийн алдагдлыг нөхнө. Хоёрт, хорт хийтэй утаа багасна. Гуравт, олон жил ярьж, шийдлээ хүлээсэн хуурамч шатахууны тухай асуудал цэгцэрнэ.
Манайхаас хэдэн зуу, саяар давсан хүн амтай дэлхийн улс орон тэр хэмжээгээрээ автомашин хэрэглэж буй. Тэдгээр улс орны авто машин хорт утаа ялгаруулдаггүй юм гэсэн. Харин манайд утаа бууруулахаар сайжруулсан түлш түлээд байхад хорт утаатай хэвээр байна гэдэг нь хуурамч шатахуунтай холбоотой гэж дүгнэж болохоор байгааг эх сурвалж хэлж буй юм. Тэгээд ч керосины хэрэглээ манайд өмнөх үеийг бодвол эрс багассан. Үйлдвэрийн зориулалтаар багахан хэмжээгээр хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тийм атал хэрэглээнээс хэдэн арав дахин давж, хэдэн арван мянган тонноор нь оруулж ирсээр байгаа нь хуурамч шатахууны үйлдвэрлэл манайд “эрчимжиж” байгааг батална. Тиймээс керосиныг онцгой албан татвартай болгох зайлгүй шаардлагатай байна.
Онцгой албан татвар гэдэг нь хууль тогтоомжоор тусгайлан заасан бараа үйлчилгээнд албан татвар ногдуулах ажиллагааг хэлдэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээр дамжин эцсийн хэрэглэгчээр төлөгддөг учир хэрэглээний буюу шууд бус албан татварт тооцогддог. Бусад төрлийн татвараас өндөр байдгаараа онцгой албан татвар онцлогтой.
Ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа ААН-үүдийн бүтээгдэхүүнд чанарын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон байдаг. Ажлын хэсэг тайлангаа тавих хугацаа хэдийн өнгөрч, өнөөг хүртэл хэн ч энэ талаар тайлбар, мэдээлэл хийгээгүй байгааг нийтлэлийн төгсгөлд дахин онцолъё. Ерөөс хуурамч шатахуунтай холбоотой мэдээлэл гараад тэгсхийгээд намжчихдаг. Холбогдох албаныхан шаардлагатай мэдээллээр олон нийтийг хангадаггүй. Эцэст нь, нийгэмд маш их эргэлзээ бий болчихоод байна. Тэгвэл энэ эргэлзээг хагалах гол шийдэл бол керосиныг онцгой албан татвартай болгох явдал юм.