Төмөр замчдын нэгдсэн эмнэлгийн орчмоос бусдад хорлогдсон 20 гаруй насны залуугийн цогцсыг өнгөрсөн даваа гаригт цагдаагийнхан олсон юм. Шалгалтын явцад уг хэргээс дөрөв хоногийн өмнө ээжийг нь мөн хөнөөсөн болохыг тогтоосон бөгөөд өнгөрсөн мягмар гаригт Гандангийн дэнж дэх байшингаас эмэгтэйн цогцсыг илрүүлсэн байна.
Залуугийн цогцсыг олсны дараа цаг даагийнхан хэн болохыг шалгаж ажилласны дүнд хохирогчийг П гэдэг, 22 настай болохыг тогтоосон бөгөөд аав, дүү нарынх нь мэдүүлгээр талийгаач залуу хэд хоног гэртээ ирээгүй ээжийгээ хайж явсан гэдгийг нь олж мэджээ. Ингээд ээжийнх нь байж болох Гандангийн дэнжийн Туулын 15 дугаар гудамжинд очсон байна. Улмаар байшингийнх нь цоожтой хаалгыг эвдэн ороход эмэгтэйг олон удаа хутгалж бүрэлгэсэн байжээ.
Нэг гэрийн хоёр ч хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан тул ЭЦГ, УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран эрэн сурвалжилж, гэмт хэргийг С.Нэргүй гэгч 50 гаруй насны эр үйлдсэн болохыг тогтоож, уржигдар 17.00 цагийн үед Тээврийн товчоо орчмоос баривчилсан байна. Баривчлах үед гэмт этгээд цагдаагийн ажилтнуудын өмнөөс хутга барин эсэргүүцсэн талаар эх сурвалж мэдээллээ. С.Нэргүй нь 2009 оноос талийгаач Э-тай танилцаж, хамтран амьдарч байсан талаар гэрчүүд мэдээлж байгаа юм.
Гэмт этгээд энэ сарын 21- нд хамт архи ууж байгаад Э-г хөнөөн байшинг нь цоожлоод явсан гэдгээ хүлээсэн бөгөөд түүнээс дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 25-нд ээжийгээ хайж очсон хүүг нь цээжинд нь хоёр удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн талаараа мэдүүлжээ. Хэрэг гарсан Баянгол дүүргийн XVI хороо, Туулын 15 дугаар гудамжны… тоотод очиход хашаанд хоёр байшин, нэг гэр байлаа.
Хэрэг гэрийн ар талын дан шар байшинд гарчээ. Уг байшин цоожтой, гэр ч эзгүй байсан юм. Хөрш айлын эзэн гэрээ сахиж үлдсэн байхтай таарав. Тэрбээр “Манай хажуугийн байшинд хэрэг гарсан. Өчигдөр 12.00 цаг өнгөрч байхад цагдаагийнхан ирсэн. Уг байшин талийгаач эмэгтэйн ээж 80 гаруй настай хүнийх. Бид энд 20 гаруй жил хөрш амьдарч байна. Хөгшний бие муудаад охин нь Төмөр замд байх өөрийнхөө байранд аваачсан. Харин үе үе ирж хэрэгтэнтэй хамт архи уудаг байсан. Заримдаа хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг юм.
Талийгаач хүү нь ээжийгээ сураглаж манайхаар ирээд явсан. Тэр эрэгтэй нь их дуу цөөнтэй, юм ярих гэхээр их ширүүн дориун дуугардаг. Гэтэл ээж нь энэ байшиндаа хорлогдсон байсныг бид мэдээгүй. Цоожтой байхаар нь ойрд ажил ихтэй болоод ирэхгүй байгаа юм байна л гэж бодож байлаа” гэсэн юм. Уг хэргийг үйлдсэн С.Нэргүй нь өмнө нь гурван ч удаа ял шийтгүүлж байсан нэгэн аж.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр 1973 онд хулгайн хэргээр хоёр жил, 1979 онд хулгай дээрмийн хэргээр найман жилийн хорих ял эдэлж 1987 онд суллагдсан юм байна. Хамгийн сүүлд 2006 онд автомашин жолоодож яваад хүн дайрсан хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.
Г.АРВИЖИХ