Гэмт хэрэг хийж, бусдад хохирол учруулсан хэрнээ түүнийгээ барагдуулах санхүүгийн чадваргүй этгээдүүдийг төр “харж үзэх” төсөл Засгийн газар боловсруулжээ. Хохирсон хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулах зорилготой ч нэг талдаа гэмт хэрэгтнүүдийн толгойг илэх гэж байгаа хэрэг. Ийм өөрчлөлтийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх нь.
Уг төслийг өчигдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Гэмт хэргийн хохирлын сан байгуулахаар энэ төсөлд тусгажээ. Уг санд жилд дунджаар 1.5 тэрбум төгрөг улсын төсвөөс хуваарилна. Хүн амины хэрэг үйлдсэн, хүчин хийсэн гэх мэт онц ноцтой 12 төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэхдээ санхүүгийн чадваргүй хэрэгтнүүдийн хохирогчдод уг сангаас нөхөн олговор өгөх юм байна.
Төр харин гэмт хэрэгтнээр ажил хийлгэж, ялаа эдэлж дуусаад тодорхой хөрөнгөтэй болохоор нь мөнгөө түүнээс буцааж авна. Ийм зарчимтай аж. Мэдээж нөхөн олговрыг хохирогчид төлөхийн тулд гэмт хэрэг үйлдсэн этгээд хэдий хэмжээний хохирол учруулсныг шүүхээс тогтооно. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг барагдуулна. Онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хоригдлуудаар ажил хийлгэхээр оргож зугтчих гээд хүндрэлтэй байдаг аж.
Харин жирийн дэглэмтэй хорих ангийн хүмүүжигчдээр ажил хийлгээд цалингаас нь суутгах боломжтой. Тэднээр зам засварын ажил хийлгэж байхаар судалж буй юм билээ. Тусдаа сан байгуулснаар ХЗДХЯны ачаалал нэмэгдэнэ, тэгээд ч бүх л төрлийн гэмт хэрэг ардаа хохирогчтой атал 12-ыг нь ялгаж онцоллоо гэсэн асуудал үүснэ гэх мэтээр төслийг хэлэлцэх үеэр гишүүд нэлээд болгоомжлов.
Ер нь шүүх шийдвэрээ гаргаж, ШШГЕГ хэрэгжүүлдэг одоогийн зарчмаараа явсан нь дээр гэж Ц.Даваасүрэн үзэв. Бас ял эдэлж гарч ирчихээд хөрөнгө хуримтлуулахгүй, төрийн өрийг төлөхгүй явсаар мөнх бусыг үзүүлэх ч магадлалтай гэж Д.ДамбаОчир сэрэмжлүүлэв. Энэ бүхнийг нарийн тооцож, тусгах хэрэгтэй гээд, төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.
С.УУЛ