“Мах, махан бүтээгдэхүүний экспорт тулгарч байгаа асуудлууд, боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. “Улаанбаатар аналитик” хөгжлийн судалгааны төв, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох, “Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Л.Болор, ШУТИС-ийн профессор Б.Энхтуяа нар илтгэл тавив. Манай улсад мал төхөөрөх 65, боловсруулж, экспортлох эрхтэй 18 үйлдвэр байдаг. Гэвч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлдэг үүнээс ч олон үйлдвэр бий нь махны чанарт сөргөөр нөлөөлж буйг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байв. Т.Гантогтох “Өнгөрсөн онд манай улс 70.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон.
Харин энэ онд 45 мянган тонн болж буураад байна. Ирэх жил нийт 20 сая орчим малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө гаргасан. Үүнээс 13 саяыг нь дотоодын хэрэглээнд, 6-7 саяыг нь экспортлох төлөвлөгөө бий. Монголд малаас гарсан яс, арьс, шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийг боловсруулах технологи муу. Үүнийг шийдэж чадвал эдийн засгийн ихээхэн өгөөж хүртэнэ” гэв. Мөн тэрбээр салбарын яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах бодлого баримталж буйг дурдсан. Л.Болор Ойрхи Дорнодын орнууд руу мах экспортлох нөөц боломж болон үүний давуу талыг тооцоолсноо танилцууллаа. ШУТИС-ийн профессор Б.Энхтуяа “Нэг малаас жингийнх нь гуравны хоёртой тэнцэхүйц дайвар түүхий эд гардаг. Гэтэл манайд тэдгээрийг ашиглах нь бага, хог болгоод хаячихдаг гэхэд буруудахгүй. Дайвар бүтээгдэхүүн нь махтай адил тэжээллэг чанартай. Бас уургийн агууламж өндөр, эрдэс бодисоор баялаг байдаг” гэж ярилаа.
Бэлтгэсэн: Т.Идэр