Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т хүргүүлжээ. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы танхимд мэдэгдсэн.
Харин баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр хөөн хэлэлцэх хугацаа бус, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн юм байна. “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “25 дугаар суваг” телевизэд ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” хэмээн мэдэгдэж, нотлох баримтаа АТГ-ынханд өгсөн билээ. Өдгөө АТГ-ынхны саналыг прокурор хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Хэрэв Т.Ганболдын ярьсан нь батлагдаагүй бол түүнд бусдыг гүтгэсэн үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй. Гэхдээ Д.Дорлигжавын цуглуулсан үнэтэй олон машины цуглуулгыг үндэслэлгүй хөрөнгөжиж олж авсан байж болзошгүй хэмээн хууль сахиулагчид шалгаагүй нь хачирхалтай.