“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийг УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны гишүүд өчигдөр сонслоо. Иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах, эсэх талаар мэдээлэл сонсож, тайлбар авах хүсэлтээ Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжих арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Одоогоор төр 9.7, иргэд 2.2 тэрбум, аж ахуйн нэгжүүд долоон сая ширхэг хувьцаа эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 13.6 сая тонн нүүрс олборлосноос 12.4 сая тонныг нь борлуулжээ. Үүнээс 2.2 их наяд төгрөгийн орлого олсон байна” гэлээ. Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны зарим гишүүн асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.
Д.Тогтохсүрэн: -Иргэдийн эзэмшиж буй хувьцааны ногдол ашгийг олгохгүй байгаа шалтгаан юу вэ. Хувьцааны ногдол ашгийг нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан гэсэн. Ингэх эрх зүйн үндэслэл байхгүй шүү дээ.
Б.Ганхуяг: (“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал): -Манай компани 2016 онд 32.8, 2017 онд 490, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, түүнийгээ өр төлбөрөө барагдуулахад зарцуулсан. Бид тухайн жилийнхээ ашгаас ямар хэмжээний ногдол ашиг олгох боломжтойг судалж, тооцоо гаргадаг. Өнгөрсөн оны тооцоог Засгийн газар болон Төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан. Засгийн газар тооцоо, судалгаатай танилцаад манай компанийг зөвхөн өр тавьж, түүнийгээ төлдөг байгууллага болох нь гэж үзсэн учраас төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг хөтөлбөрт хөрөнгө оруулсан юм.
М.Оюунчимэг (Өргөдлийн байнгын хорооны дарга): -Нэгж хувьцаандаа хэдэн төгрөг хуваарилах шийдвэр гаргасан бэ. Нийт хувьцааны 14.7 хувь буюу 2.5 сая иргэний хувьцааны ногдол ашигт хэдэн төгрөг ногдож байна вэ?
Б.Ганхуяг: -Компанийн нэгж хувьцаа 25 төгрөг. 1072 ширхэг хувьцаатай иргэнд 27 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарсан. Нийт хувьцааны 14.5 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Өнгөрсөн онд олсон 807 тэрбум төгрөгийн ашгаас 55.4 тэрбумыг нь иргэдэд олгох боломжтой гэж үзэж байсан юм. Гэтэл 2.5 сая иргэний 700 гаруй мянга нь бүртгэлгүй байсан.
Д.Тогтохсүрэн: -Иргэд бүртгэлтэй, эсэх нь хамаагүй. Тэр 55.4 тэрбум төгрөгөө яагаад одоо болтол олгохгүй байгаа юм бэ?
Б.Ганхуяг: -Компанийн 2018 оны цэвэр ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэрийг гаргахдаа иргэдээс цахим хэлбэрээр санал хураасан юм. Бүтээн байгуулалтад хөрөнгө оруулаад илүү ашиг хүртэх нь зүйтэй гэж иргэдийн олонх үзэж байсан. Үүнийг нөхөж олгох боломжгүй. Харин энэ оны ногдол ашгийг олгох, эсэхийг ондоо багтаан хэлэлцэх боломжтой.
Ц.Гарамжав: -“Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 гаруй хувийг л иргэд эзэмшиж байгаа. Гэтэл тус компанийнхан энэ онд 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Ирэх онд үүнээс илүүг ч олох боломжтой. Тиймээс ард түмний болон аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй хувьцааны ногдол ашгийг олгох ёстой. Хүний мөнгийг авч хэрэглэчихээд буцааж өгөхгүй байгаатай ижил шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төлөөлөл бий юү?
Б.Ганхуяг: -Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Тэдний дөрөв нь иргэдийн төлөөлөл. Цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол хэлбэрээр хувьцаа эзэмшигч иргэдэд хуваарилах шийдвэрийг манай компанийн ТУЗ- өөс өнгөрсөн онд гаргасан ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас шийдвэрээ өөрчилсөн” гэв.
Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах боломжтой, эсэхийг судалж, шийдвэрлэх тухай байнгын хорооноос гаргасан чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх болов.