Өнөөдөр /2019.12.09/өглөөний арилжаагаар дэлхийн газрын тосны үнэ буурсан тухай “Investing.com” сайт мэдээлжээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон уг хэлэлцээрт нэгдсэн улсууд өнгөрсөн долоо хоногт Вен хотод болсон уулзалтаараа ирэх оны нэгдүгээр улиралд газрын тосны олборлолтыг өдөрт таван зуун мянган баррель болгон нэмж бууруулахаар тохиролцсон билээ. Үүнээс улмаалан өнгөрсөн баасан гарагийн арилжааны эцсээр газрын тосны үнэ мэдэгдэхүйц өссөн аж. Өнөө өглөөний арилжаагаар хойд тэнгисийн Brent маркийн газрын тосны үнэ 0.31% буурч баррель нь 64.17 доллар болжээ. WTI маркийн газрын тосны үнэ 0.47% -иар буурч баррель нь 58.92 доллар болсон байна.