“М-Си-Эс холдинг” ХХК Монголбанканд хандаж банк байгуулах хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл 2018 оны хавраас цацагдаж байсан ч өнөөг хүртэл таг чиг болсон. Тэдний хүсэлтийг Төвбанк эцэслэн шийдвэрлэхгүй буйгаас болж “М банк” үйл ажиллагаа явуулах, эсэх нь тодорхойгүй болоод байжээ. Тиймээс “М-Си-Эс холдинг” ХХК-ийнхан захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм байна. Тодруулбал, тус компани “Нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” талаар гомдолдоо бичсэн аж. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 18-нд уг гомдлыг хэлэлцээд “М-Си-Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Монголбанканд даалгаж шийдвэрлэжээ.
Гэтэл Төвбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Өдгөө энэ хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хянаж буй өгөөд ирэх даваа гарагт хэлэлцэхээр товлосон аж.