Ирэх 2020 оны гол өнгө сонгодог хөх өнгө байна гэж Америкийн “Pantone Color Institute” хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирэх оны гол өнгийг тодорхойлжээ. “Амар амгаланг бэлгэддэг хөх өнгө нь хүний сэтгэлд амар амгалан, тайван байдлыг мэдрүүлдэг юм. Бас энгийн хэрнээ гоёмсог харагддаг өнгө ” гэж тус төвийн мэдээлэлд бичжээ. Мөн тус төвийн захирал Леатрис Эйсман “Pantone 19-4052 кодтой сонгодог хөх өнгө нь тууштай, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх бөгөөд энэ бол бид үргэлж найдаж болох цэвэр, найдвартай өнгө юм. Хөх өнгө нь бидэнд үдшийн намуухан тэнгэрийг санагдуулдаг” гэж ярьсан байна. “Pantone Color Institute” нь загвар, хэвлэл, дотоод засал дизайн, сурталчилгаа, кино гэх зэрэг янз бүрийн салбарт өнгөний сонголт хэрхэн нөлөөлдгийг судалдаг төв юм. Тус төв 2000 оноос хойш тухайн жилийн гол өнгийг тодорхойлсоор иржээ. Мөн дэлхийн өнгөний чиг хандлагын талаар таамаг дэвшүүлэхийн зэрэгцээ шинэ бараа бүтээгдэхүүн, брэндүүддээ ямар өнгө ашиглах талаар үйлдвэрлэгч компаниудад зөвлөгөө өгдөг байна. “Pantone Color Institute” нь өнгөний талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн эх сурвалж гэж мэргэжилтнүүд үздэг аж.