Балбад амьтны амиар тахил өргөдөг Хинду шашны баяр хоёр өдөр үргэлжлэн өчигдөр дуусжээ. Дэлхийн хамгийн цуст нядалгаа хийдэг эл баяр таван жилд нэг удаа болдог аж. Гадхимай бурханд зориулсан сүмийн гадна болдог энэ үйл явдлаар хэдэн арван мянган амьтдыг нядалдаг аж. Баярт хөрш Энэтхэг улсаас мөргөлчид ирж тахил өргөдөг юм байна. Хэдий олон амьтнаар тахил өргөн төдий чиний тэр хүний үйлс бүтнэ гэж үздэг аж. Эл баярыг амьтан хамгаалагчид олон жил эсэргүүцэж байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байгаа юм. Энэ жилийн баярын эхний өдөр гэхэд л сэлэм, урт хутгаар зэвсэглэсэн мөргөлчид нийт 3,000 гаруй үхрийн толгойг тас цавчсан тухай амьтны эрхийг хамгаалагчид мэдээлжээ.Хоёр дахь өдөр нь ямаа, тахиа зэрэг бусад амьтдыг ийм аргаар нядалж, тахил өргөсөн байна. 2015 онд болсон тахилгаар том жижиг нийлсэн 200,000 амьтдыг нядалсан бол энэ жил хэлэн арван мянгаар багассан гэж тооцоолжээ. 2015 онд Балба улсын дээд шүүх олон зууны түүхтэй уламжлалт баярыг хориглох эрхийг засгийн газартаа өгсөн ч хэрэгжүүлж чадахгүй байгаа. Үүнд засгийн газрын албан тушаалтнуудын хувийн сүсэг бишрэл нөлөөлж байгаа гэж амьтны эрхийг хамгаалагчид үзэж байна.