Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэднийг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг болох ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжэд давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан. Үүний дагуу Б.Нямдаваагийн тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан атлаа нэг ч удаа хуралдалгүй дээрх санхүүжилтийг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ олгосон хэмээн буруутгагдаж байгаа юм.
Уг нь Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам баталж, түүний 5.3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-д заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” хэмээн заасан атал ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар уг заалтыг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдож буй сурагтай.
ХХҮЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан нэг бус хүн албан тушаалаа урвуулж ийнхүү халамжийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдоод байгаа юм. АН Засгийн эрх барьж байх үед тус газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган тэргүүтнийг 2014 оны арваннэгдүгээр сард буюу өнөөгийн удирдах албан тушаалтнуудыг яллагдагчаар татахаас яг таван жилийн өмнө эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдан хорьж, шалгаж байсан билээ. Гэвч нэр дурдсан хоёр холбогдогч хариуцлагаас мултарч, Д.Баярсайханы хамаарал бүхий хүмүүс нь шүүхээр гэм буруугаа дэнслүүлэхээр болоод байсан ч хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрсэн. Харин энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарт холбогдох хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татахаар болоод буй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар сайдынхаа даалгавар, тушаалаар ямар ч шалгаруулалтгүйгээр 20 аж ахуйн нэгжид 200 сая төгрөгийн, ямар ч хүүгүй зээл олгосон хэмээсэн нь УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах үндэслэл болоод буй гэнэ. Түүгээр ч зогсохгүй хууль сахиулах байгууллагынхан Н.Номтойбаярыг дуудаж хэрэгт шалгах болсон үндэслэлээ тайлбарлаж, танилцуулсан бөгөөд эх сурвалжуудын өгүүлснээр яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулсан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа