Америк долларын ханш Монголын валютын зах зээлд сүүлийн найман жилд хоёр дахин өсжээ. Банк, санхүүгийн салбарынхан ам.долларын ханш төгрөгийн эсрэг жилд дунджаар зургаан хувиар чангардаг гэсэн тооцоо гаргасан байдаг. Монголын валютын зах зээлд ам.долларын ханш өдгөө 2700 төгрөгөөс давлаа. Тэгвэл найман жилийн өмнө буюу 2011 онд “ногоон”-ы ханш 1200 төгрөгтэй дүйж байв. Ам.долларын ханш чангарахад хамгийн гол нөлөөлж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдал.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ хямдарснаас шалтгаалж, манай улсын төлбөрийн тэнцэл 2013-2016 онд хямарсан. Төлбөрийн тэнцлийн хямрал даамжраад эдийн засгаа хүндрүүлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013 онд 1.87 тэрбум, 2014 онд 471, 2015 онд 268, 2016 онд 18 сая ам.долларын алдагдалтай гарч байв. Энэ нь дөрвөн жилийн хугацаанд төлбөрийн тэнцэл нийт 2.63 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэсэн үг.
Манай улс энэ их хэмжээний алдагдлыг “Чингис” бондын 1,5 тэрбум, Худалдаа, хөгжлийн банкны 500, “Самурай” бондын 288 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр нөхөж, эдийн засгаа агшаачихалгүй хүндрэлийг давсан билээ. Төлбөрийн тэнцлийн хямралын үед ам.долларын ханш бараг хоёр дахин өссөн. “Ногоон”-ы ханш 2013 оны нэгдүгээр сард 1380-1390 ам.доллартой дүйж байв. Тэгвэл 2016 оны эцэс гэхэд 2490-2500 төгрөгтэй тэнцэх болсон юм. Эндээс ам.долларын ханш дөрвөн жилийн хугацаанд 1100 төгрөгөөр чангарсныг харж болно.
Манай улс руу орж байгаа болон гарч буй валютын зөрүүг төлбөрийн тэнцлээр хэмждэг. Валютын орох урсгал илүү байвал төлбөрийн тэнцэл ашигтай, харин гарах нь дийлэнх бол алдагдал хүлээнэ. Манай улсын төлбөрийн тэнцэл 2008-2018 онд нийт 4.54 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Харин дээрх хугацаанд гурван тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Тэгэхээр зөрүү нь 1.54 тэрбум ам.доллар болно. Энэ бол манай улсын нөөцөд үлдэж буй валютын хэмжээ. Монгол Улсын гадаад валютын албан нөөц одоогоор дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Төлбөрийн тэнцлийн зөрүүнээс үлдсэн ам.доллар, дээрээс нь Монголбанкны худалдаж авсан алт манай улсын валютын нөөцийг бүрдүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Эндээс манай улсын төлбөрийн тэнцэл алдагдал ихтэй учраас ам.долларын ханш өссөөр байгааг, мөн валютын нөөц төдийлөн нэмэгдээгүйг ойлгож авсан болов уу. Олон улсын зах зээл, банк санхүүгийн байгууллагаас ам.доллароор зээл авсаар байгаа ч албан нөөц нэмэгддэггүй нь орж ирсэн валют төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөөд, буцаад гараад явчихдагтай холбоотой.
Үйлдвэрлэл хөгжөөгүй орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сул байх нь сайн гэдэг. Гадаад валютын ханш өндөр байх нь тухай орны бизнесменүүдийн үйлдвэрлэл эрхлэх сонирхлыг нэмэгдүүлдэг аж. Харин үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын ханш сул байвал үйлдвэрлэхээс илүү импортлоод борлуулах сонирхол давамгайлдаг гэсэн. Тэгэхээр манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй, ажлын байрны хомсдолтой орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сул байх нь ашигтай юм. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханшийг суллах бодлого баримтлах ёстой гэсэн үг. Ханшаа суллахтай зэрэгцүүлээд валютын нөөцөө нэмэгдүүлж чадвал бидэнд хожил ирнэ. Валютын нөөцөө өсгөж чадвал Монгол Улс өрөө төлж чадах юм. Нөөцөө өсгөхийн тулд төлбөрийн тэнцлээ ашигтай гаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гадаадаас аль болох их валют оруулж ирэн, багыг гаргах ёстой болно. Төлбөрийн тэнцлийг сайжруулах өнчөөн боломж, арга бий. Манай улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах гурван жишээг хөндье.
Эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэр юм. Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхэлсэн. Уг үйлдвэр нь Дорнод аймгийн Матад сумын нутаг Тамсагаас яндан хоолойгоор газрын тосоо шахаж, Алтанширээд авчран боловсруулна. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо түүхий эдээр шатахуун үйлдвэрлэнэ гэсэн үг. Тус үйлдвэр нь “Аи-95” төрлийн шатахуун, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээр төлөвлөж буй. Дизель түлш 800 орчим мянга, онгоцныхыг 40 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь дотоодын хэрэгцээг бүрэн хангах үзүүлэлт юм. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар литр шатахууныг 900-1000 төгрөгөөр борлуулна гэсэн тооцоо хийсэн. Ингэхээр шатахууны үнэ дахин хямдарна.
Манай улс өдгөө ОХУ-аас шатахуунаа 100 хувь худалдаж авдаг. Шатахуун худалдаж авахад жилд нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Төслийг хэрэгжүүлэгчид газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор 2024 оноос манай улсаас жилд нэг тэрбум ам.доллар гадагш урсахаа болих нь. Энэ тохиолдолд төлбөрийн тэнцэл өндөр ашигтай гарах нь тодорхой. Ингэвэл байнга санаа зовоодог ам.долларын ханш тогтворжино. Манай улсын гадаад худалдаа өнгөрсөн сарын эцсийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын ашигтай байгаа. Газрын тосны үйлдвэр барьснаар гадаад худалдааны ашиг улам нэмэгдэх нь дамжиггүй.
Төлбөрийн тэнцлийг сайжруулах удаах боломж нь цахилгаан станц барих. Манай улс БНХАУ-аас “Оюутолгой” төслийг хангах эрчим хүч худалдан авдаг. Мөн ОХУ-аас Баруун бүсийг цахилгаанаар хангах, Төвийн бүсийн системийн дутагдлыг нөхөх зорилгоор эрчим хүч худалдан импортолдог. Өмнөд хөршөөс худалдаж авсан цахилгааныхаа төлбөрт “Оюутолгой” компани жилд 120-130 сая ам.доллар шилжүүлж байна. ОХУ-д 80 орчим сая ам.доллар төлдөг. Жилд нийт 200 орчим сая ам.доллароор эрчим хүч худалдаж авдаг гэсэн үг.
Монгол бол нүүрсээр баян орон. Манайд 32 тэрбум тонн эрчим хүчний нөөц бий. Нүүрсний нөөцдөө тулгуурлан 500 орчим МВт хүчин чадалтай цахилгаан станц барьчихвал гадаад руу урсгадаг 200 сая ам.долларыг дотооддоо үлдээнэ. Ингэхээр төлбөрийн тэнцэл сайжрах нь зүйн хэрэг. Монголчууд цахилгаан станц бариад, ажиллуулах туршлагатай болсон. Тэгэхээр цахилгаан станц барих нь эдийн засгаа тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлээ сайжруулах гарц билээ.
Төлбөрийн тэнцлээ сайжруулах гурав дахь боломж нь тээврийн үйлчилгээ. Монгол Улсын гадаад худалдаа ашигт малтмалын үнэ өссөнөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд байнга ашигтай гарч байгаа. Гэвч үйлчилгээний төлбөрийн тэнцэл төдий хэмжээний алдагдалтай гардаг. Одоогоор манай улсын гадаад худалдаа 1.4 тэрбум ам.долларын ашигтай байгааг дээр дурдсан. Тэгвэл үйлчилгээний алдагдал нэг тэрбум ам.доллар давчихаад байна. Үүн дотроо тээврийн үйлчилгээ 360 сая ам.долларын алдагдалтай байгаа юм. Уул уурхайн оператороор гадаадынхныг ажиллуулж, нүүрс гэх мэт овор ихтэй бүтээгдэхүүнийг өмнөд хөршийн тээврийн компаниудаар зөөлгөж буй нь үйлчилгээний алдагдлыг ийн нэмэгдүүлдэг аж. Тэгэхээр уул уурхайн тээврийг үндэсний компаниудаараа хийлгэх шаардлагатай. Энэ нь төлбөрийн тэнцлээ сайжруулах нэг боломж яах аргагүй мөн.
Газрын тос боловсруулах үйлдвэр барихыг Засгийн газар бодлогоор дэмжиж буй. Тэгвэл цахилгаан станц барих, дотоодын тээврийн компаниудаа дэмжих ажлыг Засгийн газар бодлогоор хийх ёстой. Ингэвэл төлбөрийн тэнцэл сайжирч, ам.долларын ханш тогтворжино. Монгол Улсын валютын албан нөөц нэмэгдэнэ. Авдартаа мөнгөтэй хүн толгой гэдгэр байх нь дамжиггүй.