Тэр бүсгүй үргэлжид гай зовлон авчирдаг нэгэн ажээ. Хойд эцэг нь толгойдоо буудуулсан маягтай завин дотроос олдсон бол, амраг нь өөрийгөө буудан амиа хороосон байдаг. Үзэсгэлэн гоо төрсөн ч ад чөтгөрийн гэмээр бас авьяастай энэ бүсгүйн аюултай увдисаас зөвхөн Даниэль Отой мултарч чадсан юм. Шарх сорви, гүн үрчлээстэй бас мурий хамартай Даниэль Отойг хүмүүс одоо л олон нийт эр хүн шиг төрхтэй гэнэ. Гэтэл олон жилийн өмнө осолд орсныхоо дараа энэхүү нүүрээ хараад 18 настай Отой амиа хорлохыг завдаж байсан билээ. Уран гартай мэс засалчид залуугийн нүүрийг бараг өөдөс өөдсөөр нь эвлүүлэх шахан байж одоогийн төрхөд нь оруулсан гэдэг. Даниэлийн эцэг эх Алжирын дуу бүжгийн театрт жүжигчид байсан агаад хүү театрын тайзны ард л өсөж том болсон тул багаасаа жүжигчин болох ганцхан хүсэл мөрөөдөлтэй байсан юм. Харин тэрхүү ослын дараа Отойн ээж аав ах дүү нар нь түүний мөрөөдөлд цэг тавьж байв. Нүүрэндээ хэд хэдэн мэс засал хийлгэх шаардлагатай байсан авч мөнгөгүйн улмаас Даниэль одоогийн энэ төрхтэйгээ эвлэрэх аргагүйд хүрчээ. Хэрэв жүжигчин болох заяагүйн юм бол дуучин болно гэж зүтгэсэн Даниэль эх орноо орхин Парисыг зорьсон байна. Харамсалтай нь түүнийг хөгжмийн сургуульд ч мөн театрын сургуульд ч авсангүй. Энэ сургуульд орж чадахгүй бол амиа хорлоно гэж байсан Даниэлийн бодол нь өөрчлөгдөн гэнэт хор шар нь буцлаад иржээ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэрбээр рок хамтлагт дуучин, тайзны туслах ажилтан, театрын хамгаалагч гээд хийж үзээгүй зүйл байхгүй гэдэг. Дөнгөж эхэлж байгаа найруулагчид анхны бүтээлдээ нэртэй мэргэжлийн жүжигчид тоглуулахад эдийн засгийн хувьд ч нэр хүндийн асуудал гээд бэрхшээл их байдаг. Тиймээс тэд өөрсдийн адил нэрд гараагүй жүжигчид мөн сайн дурынхыг их татдаг билээ. Даниэльд ийм завшаан олдсоноор янз бүрийн театруудад жижигхэн бүтээлүүдэд тоглож эхэлжээ. Тун ч удалгүй авьяаслаг бас өвөрмөц дүр төрхтэй залуугийн тухай Парис даяар яриад эхэлсэн байна. Хоёр жилийн дараа Даниэлийн тоглосон жүжгийн тасалбар хэдэн долоо хоногийн өмнө дуусдаг болов. Ингэж тэрбээр Парисын театрын урлагт өөрийн авьяасаараа хүч төрөн орж ирсэн юм. Түүнийг Францын шилдэг театрын тайзнаа урьж тоглуулаад зогсохгүй шилдэг кино найруулагчид кинондоо урих болсон байна. Одоо түүний аймшигт сорвинуудыг хэн ч анзаарахгүй болсон төдийгүй эмэгтэйчүүд бүр дур булаам хэмээн үзэх болжээ. Тэдэнд Даниэлийн намхан нуруу, хэтэрхий ойрхон байрлалтай нүд, алхаар нүдүүлсэн юм шиг хамар зэрэг нь ер хамаагүй байв.
Даниэль эсрэг хүйстнээ соронзон мэт татах ер бусын чанартай ажээ. Даниэлийн хүч чадал, эрэлхэг байдал, эмэгтэй хүмүүст үзүүлэх анхаарал халамж, алдар нэр нь түүнийг хамгийн хүсэмжилсэн эрчүүдийн тоонд оруулсан юм. Өөртэй нь дотно харьцаанд орох хүсэлтэй бүсгүйчүүдэд тэрбээр татгалзаад байдаггүй ч ажлаа үргэлжид нэгдүгээрт тавьдаг. Ямар ч таашаал, ямар ч сайхан эмэгтэйн төлөө тэр нэг ч сургуулилтаа нэг ч зураг авалтаа тасалдаггүй аж. Түүний өвөрт Францын хамгийн сайхан хүүхнүүд орсон ч бүгдтэй нь сайхан харьцаагаа хадгалж үлдсэн нь сонин. 34 насныхаа босгон дээр ирээд Даниэль томоожихоор шийдэн олон найз хүүхнүүдийнхээ нэг Анн Жюссетэй гэрлэжээ. Удалгүй охинтой болж жүжигчний амьдрал бүх л талаараа жигдрэн тайван сайхан байлаа. Ингээд 1984 онд найруулагч Эдуард Малинаро Даниэлийг “Нууцхан дурлал” хэмээх кинондоо тоглохыг урьжээ. Түүний хамтран тоглогчоор Эммануэль Беар гэдэг 19 настай ч үргэлжид хэл ам татуулж байдаг залуухан жүжигчин тодорчээ. Эммануэль 16 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн байдаг. “Vogue” сэтгүүлд түүний зурэг хэвлэгдэн гарсаны дараа алдарт найруулагч Робэрт Олтман Эммануэлийг кинондоо тоглуулсан аж. Санчигтаа бууралтай амьдралдаа бараг үхэхээс бусдыг үзсэн энэ хашир эр арван зургаахан настай жаахан охинд ухаангүй дурласан гэдэг. Цаг нь ирж нүд нь нээгдэн, цаашид яахыгаа хэн болохыгоо ойлгосон Эммануэль өвгөн найруулагчийг хаян одоход Роберт сэтгэл санаагаар унан, гуньж гутарсандаа бараг үхлийн ирмэг дээр ирсэн ажээ. Түүнийг уран бүтээл нь, гэр бүл нь аварсан юм. Нүүрээрээ дүүрэн өхөөрдөм жижигхэн сэвхтэй гэрэлтсэн алаг нүдтэй, гоолиг биетэй Эммануэльд эрчүүд ховстуулсан мэт татагддаг байв. Францын нэрт найруулагч Клод Шаброль “ Гэнэн ариун хонгор харцтай хирнээ ер бусын тачаангуй биетэй түүнээс сахиусан тэнгэр, ханаж цаддаггүй завхай эмийн шинж хослон харагдах нь гайхамшигтай” гэж жүжигчин бүсгүйн талаарх сэтгэгдлээ хэлсэн байдаг.
“Нууцхан дурлал” киноны зураг авалт эхэлсэн өдрөөс авахуулаад л асуудал гарч эхэлжээ. Даниэль өөрөөсөө 15 насаар дүү залуу жүжигчинд заавар өгөх гэсэн эхний оролдлого нь Эммануэлийн хүйтэн харц бас аймшиггүй хурц үг таслан зогсоожээ. Залуу жүжигчний ааш аяг, хэл ам, цагаасаа байнгын хоцрох нь эргэн тойрныхондоо асар хүндрэл учруулах ч өөрийн дүрээ гайхамшигтай бүтээх авьяас нь тэр бүгдийг уучлахад хүргэж байлаа. Ажилдаа маш хариуцлагатай ханддаг Даниэль энэ бүгдийг шүд зуун тэвчиж байлаа. Залуу авьяастай, хөдөлгөөнтэй бүсгүйн хажууд Даниэль өөртөө хөгшин бас хойрго санагдан бухимдах болов. Гэвч тэр хоёр зургийн талбай дээр хамтдаа гарч ирэн тоглоход гайхалтай сайхан харагддаг байлаа. Хүмүүжилгүй, бардам бүсгүйг Даниэль эхэндээ даашинзынх нь хормойг сөхөж байгаад алганы амт үзүүлмээр санагддаг байсан бол ердөө нэг сарын дараа хамтран тоглогчоороо өвчлөн түүнийг зүүдэндээ хүртэл мартаж чадахгүйг болжээ. Даниэль худлаа ярьж чаддаггүй нэгэн байв. Тиймээс тэр эхнэртээ “Би өөр хүнд хайртай болчихлоо. Энэ бол насан туршийнх гэж бодож байна. Намайг явуулчхаач” гэж үнэнээ шууд хэлсэн гэдэг. Хэдий Даниэль эхнэрээсээ салсан ч Эммануэль түүнтэй гэрлэхийг яарахгүй харин ч гэнэн зантайг нь гайхан шоолно. Тэгэх тусам Даниэлийн хайр улам ихээр оргилох аж. Даниэль сэтгэлдээ нарийхан бүсэлхийг нь тодотгосон бариу цамц өмссөн, товгор цээжтэй, мөрөө давсан өтгөн үстэй, янжуур барьсан Эммануэлийн тэр үеийнх нь дүр төрхийг насан туршдаа хадгалсан байдаг.
Бас нүднийх нь доогуур үргэлж сормуусны будаг болчихсон байдгийг мартаж чаддаггүй аж. Эммануэлийн хэнээс ч хамааралгүй эрх чөлөөг юунаас ч илүү эрхэмлэх зан охиныгоо төрүүлснээс хойш бага зэрэг өөрчлөгджээ. Жилийн дараа тэд гэрлэсэн байна. Энэ гэрлэлт дурлалт хоёрын харьцааны сүйрлийн эхийг тавьсан гэлтэй хэрүүл маргаан, удаан хугацааны тунирхаа тасрахаа байв. Отой Беар хоёр хамтдаа гурван кинонд тоглоод дөрөв дэх уран бүтээл дээрээ тэдний хооронд буцаж нийлэхийн аргагүй ан цав гарчээ. Уг кинонд Эммануэль өөр хүнтэй эр эмийн харьцаа хийж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ үеэр Отой сэтгэлээ барьж чадалгүй зураг авалтын талбайг орхин оддог байв. . Түүнд эхнэр нь жүжиглэхгүй харин чин үнэнээсээ тачаадан зөвхөн Даниэльд зориулдаг байсан үнэсэлт хөдөлгөөнийг хийгээд байх шиг санагдаад байлаа. Тэрбээр эхнэрийгээ өөрийг нь солиоруулахыг хүсээд байна гэдэгт итгэлтэй байв. Зураг авалтын үеэр эхнэр нь өөр хүмүүстэй учир ургуулсан тухай яриа Даниэлийн чихэнд нэг биш удаа сонсогдох боловч тэр энэ тухай шууд ярихаас айж байлаа. Удалгүй Эммануэль Дэвид Моро гэгч продюсер эртэй ил цагаан явалдах болжээ. Даниэль тэр үед амьдралдаа хэзээ ч ганцаардаж байгаагүйгээрээ ганцаардсан гэдэг. Цаашид чимээгүй юу ч болоогүй юм шиг явах нь өөрийгөө эр хүн гэж үзэхгүйтэй адил болов.Энд л Даниэлийн ослоос хойш олж авсан сэтгэлийн хат хэрэг болжээ.
Тэрбээр хэн нэгэн эмэгтэй хэдий эхнэр нь ч бай өөрийнх нь сэтгэл санааг үнсэн нурам болгохыг хүссэнгүй. Даниэль хорыг хороор дардгийн зарчмыг баримтлан “Үйл хэргээ гүйцэтгэ” гэдэг кинонд тоглохыг зөвшөөрөн хамтрагч үзэсгэлэнт жүжигчин Марианн Деникуртай учир ургуулжээ. Сэтгэл санааны тэнцвэртэй байдалд орсныхоо дараа Даниэль гэр бүлээ цуцлах хүсэлтэй байгаагаа эхнэртээ хэлэхэд Эммануэль ганц ч үг дуугараагүй байна. Бардам өөртөө итгэлтэй Эммануэль Беар хэн нэгэнд хаягдаж байгаадаа итгэж чадахгүй байв. Тэрбээр салах зөвшөөрлөө өгөхгүй нэг бол цонхноос үсэрч үхэх гэж, нэг бол нойрсуулах эм ууж Даниэлийг удаан хугацааны туршид зовоожээ. Даниэль түүнийг амиа хорлох гэсэн оролдлого болгоноос нь авран анхаарал халамж тавьж байсан ч салах шийдвэрээ өөрчлөөгүй юм. Гэтэл нэг д өдөр Эммануэль гэнэт салах өргөдөл дээр нь гарын үсгээ зуржээ. Тэрбээр нууц амраг Морогоос жирэмсэн болсон байв. Харин энэ тухай Даниэль бүр хожим мэдсэн байдаг. Даниэлээс салсныхаа дараа Эммануэль сэтгэл санааны гүн хямралд орсноор сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн ажээ. Тухайн үед бүгд л Даниэлийн харгис хатууг гайхаж байсан юм. Гэсэн ч Эммануэль эмнэлгээсээ гарч ирээд хүүгийнхээ эцэг Мороог хаясан билээ. Тэр албаар хоол идэлгүй турж Даниэлээс болж анорексия \хоолны зуршилгүй болох\ өвчнөөр өвчлөн үхэж байна гэж бүгдэд ойлгуулахыг хичээж байлаа. Эммануэлийг урьдын адил нөхөртөө хайртай гэж Даниэлыг хүмүүс ятгах ч тэрбээр үүнд итгээгүй юм.
Охинтойгоо уулзаж байхдаа Даниэлийн зүрх маш ихээр шаналдаг байлаа. Эммануэль түүний анхаарлыг татах гэж эсвэл ямар нэгэн аргаар хорлох гэж төрөл бүрээр оролддог байв. Эрүүлдээ ч заримдаа архи уун олон нийтийн газар зохисгүй бие авч явсан хэргээр олон удаа саатуулагдах тоолонд Даниэль цагдаагийн газар очин зохицуулдаг ажээ. Тэгсэн мөртөө Эммануэль амрагуудаа бээлий мэт сольж байжээ.Ээлжит нэг амраг нь өөрийгөө буудан амиа егүүтгэсэн тэр өдөр Эммануэль Даниэль руу ярин түүний юу л хэлснийг дагах болно туслаач гэж уйлан хайлан гуйжээ. Даниэль түүнийг нууц амрагийн нь оршуулах хүртэл хэдэн өдөр хажуугаас нь холдолгүй эм тариа уулган, хооллон, хөөрхий Винсентийн \нууц амрагийх нь нэр\ үхэлд чиний буруу байхгүй гэж тайвшруулан халамжилж бөөцийлсөн аж. Эмманулийн хойд эцэг толгойдоо буудуулсан маягтай хувийнхаа завинаас олдоод удаагүй байхад энэ хэрэг гарсан тул бүсгүйн сэтгэл санаа үнэхээр хүнд байдалтай харагдаж байв. Энэ ташрамд хэлэхэд хойд эцгийг нь буудсан алуурчин одоо болтол олдоогүй байгаа билээ. Даниэль Эмманулийг тайвшруулан халамжлахын зэрэгцээ цагдаагийн асуудлыг зохицуулж байлаа. Хөөрхий Винсентийн оршуулгын өдөр болоход Даниэль Эмманулийг эрээд олоогүй байна. Гэрийнх нь үйлчлэгч түүнийг өглөө үсчин дуудан үсээ засуулж, нүүрээ будуулаад нэгэн дээдсийн хүлээн авалтанд явсан гэж хэлжээ. Бас “Оршуулгын ажил явдал түүний өнөөдрийн төлөвлөгөөнд ороогүй гэж дамжуулаарай” гэж хэлсэн гэв.Хуучин эхнэрийнхээ нууц амрагийн австай цогцосны хойноос алхаж байхдаа Даниэль “Энэ Эммануэльд хуурагдсан хамгийн сүүлчийн удаа" гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Тэд хамтдаа 10 жил амьдарсан байдаг.
Даниэль Отой 2019 он
Эммануэль Беар 2019