Манай улсын валютын зах зээлд америк долларын ханш харьцангуй тогтворжлоо. Монголбанкнаас зарласан албан ханшаар өнгөрсөн баасан гарагт ам.доллар 2702.87 төгрөгтэй дүйв. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө нэг төгрөгөөр хямдарсан үнэ юм. Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулснаас шалтгаалж өнгөрсөн сарын дундаас валютын зах зээлд тогтворгүй байдал үүссэн. “Саарал жагсаалт”-д орсон учраас ам.долларын үнэ өснө гэсэн цуу яриаг валютын ханшийн зөрүүнээс ашиг олох сонирхолтой олон хүн дэгдээв. Үр дүнд нь долларжих үзэгдэл газар авлаа. Энгийнээр хэлбэл, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу хөрвүүлсэн хэрэг. Долларжих үзэгдэл газар авахыг урьдаас таамагласан банкууд гадаад валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн хадгаламжийнхаа зохистой харьцааг хадгалахаар ам.доллар худалдахад хязгаар тавьсан. Энэ шийдвэр нь иргэдийн төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу шилжүүлэх үйл явцыг сааруулж чадсан ч валютын ханшийг өсгөсөн юм.
...“Ногоон”-ы ханш сүүлийн 14 жилд төгрөгийн эсрэг жилд дунджаар зургаан хувиар чангарсныг банкны салбарынхан тооцсон байдаг. Одоо ам.долларын ханш 2700-2708 төгрөгтэй дүйж байгаа. Үүний зургаан хувь нь 170 орчим төгрөг болно...
Монголбанкны зарласан албан ханшаар өнгөрсөн сарын 9-нд ам.доллар 2669.04 төгрөгтэй тэнцэж байлаа. Үүнийг ам.долларын өнөөгийн ханштай зүйрлэвэл 43 төгрөгөөр чангарсан үзүүлэлт. Ханш өсөхөд эдийн засаг, санхүүгийн ямар нэгэн нөлөө байгаагүй. Харин иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэдэггүй зан ханшийг өсгөх хүлээлт үүсгэчихсэн. Төвбанкны статистик мэдээллээс харахад Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар 264 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь манай руу орох ам.долларын урсгал, гарахаасаа их байгаа гэсэн үг. Эрэлтээс нийлүүлэлт нь их байх үед тухайн бүтээгдэхүүний үнэ хямдардаг эдийн засгийн бичигдээгүй хуультай. Уг нь эдийн засгийн зүй тогтлоороо ам.долларын ханш уруудах ёстой байлаа. Гэвч хүлээлт өөр чигт байсан учраас ханш нь өсчихөв. Төвбанкнаас өнгөрсөн сард 500 сая ам.долларын интервенц хийсэн. Ийн валютын нөөцийнхөө бараг 15 хувийг зах зээлд гаргаж байж ханшийг тогтворжуулан, долларжих үзэгдлийг зогсоолоо. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “Төгрөгөө ам.доллар луу хөрвүүлэх үзэгдэл одоо л зогсож байна” гэж ярьсан.
Долларжих үзэгдэл зогсонгуут ам.долларын ханш буурч эхэллээ. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өнгөрсөн долоо хоногт ам.долларыг 2712 төгрөгөөр худалдаж байсан. Тэгвэл тус төвийнхөн ам.долларыг өчигдөр 2705 төгрөгөөр худалдан авч, 2708-аар борлуулж байв. Эдийн засгийн нөхцөл сайн, төлбөрийн тэнцэл ашигтай гарч буй учраас ам.долларын ханш ойрын үед “уруудах” болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ 40-өөд төгрөгөөр унаж, өмнөх үнэдээ хүрэх, эсэх нь эргэлзээтэй. Олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи экспортолж, гадаад валютын орлого олдоггүй учраас манай улс байнга ам.долларын хомсдолтой явж ирсэн. Хомсдолтой учраас ханш өсөх нь дамжиггүй.
Ам.долларын ханш хэрхэх бол гэдэг асуулт бизнесменүүдийн толгойд байнга эргэлддэг. Ялангуяа импортын бизнес эрхэлдэг бол бүр их анхаарна. Валютын ханшийн хэлбэлзэл бүтээгдэхүүнийх нь үнийг тодорхойлдог учраас тэр. Ам.долларын ханш буурах уу, эсвэл өсөх үү, өнөөгийн түвшиндээ байх уу. Ам.долларын ханш хэрхэх нь зах зээлийн нөхцөлөөс гадна тухайн орны бодлогоос хамаарна. Бүр цаашлаад бодлого тодорхойлогчдын итгэл үнэмшил, үзэл бодлоос шалтгаалдаг.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг УИХ-ын шийдвэрээр чөлөөлөх нь бараг тодорхой болоод буй. Н.Баяртсайхан “Манай улс өр ихтэй учраас валютын нөөцөө нэмэх бодлого баримтлах ёстой” гэсэн үзэл бодолтой хүн. Тэрбээр эл үзэл бодлоо олон удаа хэлж байсан билээ. Монголбанкны ерөнхийлөгчөөр гурван жил ажиллахдаа Н.Баяртсайхан интервенц хийхээс татгалзах, валютын нөөцийг нэмэхийг чухалчилсан. Ингэснээр Засгийн газар, аж ахуйн нэгжүүд гадаадаас томоохон дүнтэй санхүүжилт татаагүй үед валютын нөөцийг дөрвөн тэрбум ам.долларт хүргээд байна. Монголбанкныхан ирэх жил валютын нөөцийг дор хаяж 4.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэж албан бус эх сурвалж дуулгасан. Түүний энэ бодлогыг дараагийн ерөнхийлөгч нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов уу гэж таамаглаж байна. Монголбанкны мөнгө, санхүүгийн бодлого ерөөс залгамж чанараа хадгалж байдаг билээ.
Нөөцөө нэмэх зорилтоо хэрэгжүүлбэл ам.долларын ханш өсөх нь дамжиггүй. Гадаадаас ам.доллар Монгол руу шилжүүллээ гэж бодъё. Уг мөнгийг зах зээлд нийлүүлэхгүй, Төвбанк нөөц рүүгээ татаад авчихна гэсэн үг. Ингэхээр зах зээлд ам.долларын илүүдэл гарахгүй, зарим тохиолдолд хомсдол үүсэж таарна. Иймээс ханш нь дээшлэх болов уу гэж төсөөлж болно. Төвбанк ам.долларыг нөөц рүүгээ зөвхөн татах биш, ханш огцом өсөх нөхцөл үүсвэл нийлүүлэх байх. Тэгэхээр ам.долларын ханш алгуурхан чангарна гэж төсөөлж болох нь.
“Ногоон”-ы ханш сүүлийн 14 жилд төгрөгийн эсрэг жилд дунджаар зургаан хувиар чангарсныг банкны салбарынхан тооцсон байдаг. Одоо ам.долларын ханш 2700-2708 төгрөгтэй дүйж байгаа. Үүний зургаан хувь нь 170 орчим төгрөг болно. Тэгэхээр өмнөх жишгээ хадгалбал, жилийн дараа гэхэд “ногоон”-ы ханш 2870 төгрөгтэй дүйх нь. Хоёр жилийн дараа гэхэд 3000 төгрөг даваад талийж өгөх нь бололтой. Төвбанкныхан ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс давуулахгүй гэж их хэмжээний интервенц хийж байв. Хоёр жилийн дараагаас 3000 төгрөг давуулахгүй гэж интервенц хийж, тэмцэх цаг ирэх вий дээ.
Иргэд ам.долларын ханш чангарах нь муу гэсэн нийтлэг ойлголттой болсон. Гадаад худалдааны голлох валютын ханш чанга, үндэсний мөнгөн тэмдэгтийнх сул байх нь үйлдвэрлэлийг дэмждэг сайн талтай гэдэг. Үйлдвэрлэл хөгжихөөр ажлын байр бий болно. Ажилтай, орлоготой иргэдийн амьжиргаа дээшлэх нь мэдээж. Мэргэжилтэй хүний нөөц бүрдэж, үйлдвэрлэл улам боловсронгуй болон өрсөлдөх чадвартай болдог гэж эдийн засагчид үздэг. Харин үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чанга, гадаад валютын ханш сул байвал үйлдвэрлэхээсээ импортлон худалдахыг илүүд үзнэ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш чанга байх нь импортыг орлох, цаашлаад экспортыг дэмжих үйлдвэрлэл хөгжүүлэх хөшүүрэг болдог гэсэн үг. “Ногоон”-оо авдарлаж, ханшийг нь чангалбал өрөө төлөх валютын нөөц бүрдүүлэхээс гадна үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тустай юмсанж.