Гэрлэлт бол сартай шөнөөр гар гараасаа хөтлөлцөн алхалж, мод болгоны дор орж үнэсэлдэх үеийнхтэй адил биш эд шүү. Гэрлээд бие биендээ дасаж ээнэгшээд олон жил болсон ч гэсэн хэн хэнээс нь тэвчээр шаардагддаг юм. Гэр бүлийн холбоо гэдэг чинь гангар шаазан шиг хэврэгхэн байдаг юм. Тиймээс тэр холбоог нандигнан хайрлаж тэтгэж байх ёстой. Би энэ жил жар хүрч байгаа. Эхнэр бид хоёр гэрлээд 40 жил болжээ. Тэгээд нэг өдөр эхнэрийгээ харж суугаад “Бид хоёр 40 жилийн өмнө нэг муу таван ханатай гэрт, ганц нарийхан модон ор, гурван талтай нэг тольтой, гарахаасаа гарахгүй нь их харц цагаан нэг зурагттай л айл гэр болж байж билээ. Гэхдээ 20 настай уран гоолиг биетэй, хөөрхөн ааштай, үзэсгэлэнтэй бүсгүйтэй орой болгон нэг оронд ордог байлаа. Гэтэл одоо хувийн байшинтай, хоёулаа нэг нэг машинтай, өрөө болгондоо зурагттай тэгээд 60 настай бүдүүн авгайтай оронд орох юм. Гэрлэлтдээ эргэлзэж эхэлж байна шүү” гэж хошигнох егөөдөхийн хооронд хэлэв. Өөр эмэгтэй байсан бол хэрүүл болох байсан биз. Гэвч манай эхнэр их хүлээцтэй, ухаалаг эмэгтэй. Бас их өндөр хошин шогийн мэдрэмжтэй л дээ. Тэгээд надад цай аягалангаа “Миний хөгшин хорьтой охин олоод авахгүй юу даа. Тэр бүсгүй чамайг таван ханатай гэрт, нарийхан модон орон дээр хэвтээд хар цагаан зурагт үзүүлж чадаж л таараа” гэж билээ.
х х х
Нөхөр бид хоёр шинэхэн гэр бүл. Бид хоёр анх дэлгүүрт танилцаж байсан юм. Шинэ жил болох гээд л дэлгүүрт дугаарлал их. Бүгд л яарсан, сандарсан хүмүүс. Гэтэл нэг залуу хүүхдийн живх барьчихсан “Би ганцхан бараатай урдуураа оруулчихгүй юу” гээд л хүн болгоноос царайчлаад явна. “Урдуур дайрчихгүй гуйгаад яваа нь бас овоо шүү дээ гэж би бодоод бас хүүхэд шуухад нь живхгүй хэцүүдэж байгаа юм болов уу гээд тэр залууг урдуураа оруулсан юм. Залуу учиргүй баярлаад л юм аа бичүүлээд гараад гүйлээ. Би ч хойноос нь хоёр тортой юмаа дааж ядаад л удалгүй гарлаа. Гэтэл нөгөө залуу гадаа зогсож байна. Намайг харчхаад
-Өөрөө ганцаараа явж байгаа юм уу. Би хүргээд өгье гэлээ.
-Та чинь их яараад байгаагүй бил үү гэтэл
-Тэр нь ч тийм л дээ. Манай найзын авгай төрөөд, тэгээд өнөөдөр эмнэлгээс гаргах гээд очсон чинь живхээ мартчихаж. Хүүхэд нь өлгийдөж байхад нь хамаг даавуун дээрээ шээчихэж гэнээ. Манай найз сандраад л авгай нь загнаад л. Тэгээд би жихэнд явж байгаа нь энэ. Танд баярлалаа ч гэж хэлж амжсангүй. Гэтэл миний машиныг өөр машин хаагаад зогсчхож гэж тайлбарлав.
Гэхдээ би энд нөхөртэйгөө танилцсан түүхийг голчилох гэсэнгүй. Нөхөр бид хоёрын ажил ойролцоо байдаг болохоор бид ажлаа тараад хамтдаа харьдаг. Шинэ жил болоход хэдхэн хоног үлдсэн болохоор дэлгүүр орж хүүхдийн бэлэг, баярын ширээний юмаа цуглуулах санаатай дэлгүүр орлоо. Хүн ч гэж пиг дүүрэн. Нөхрийгөө каасанд дугаарлаж бай гэчхээд л өөрөө бусад юмаа цуглуулав. Хэрэгцээтэй зүйлээ авч дуусаад кассанд очтол яг таарлаа. Нөхрийгөө дугаарлаж байгааг хараад танилцаж байсан түүх маань гэнэт санагдан
-Та намайг урдуураа оруулчихгүй. Би их яараад байна гэж нөхөртөө аальгүйтвэл
- Тэг тэг. Би яарагүй гэж байна.
Ард нь зогсож байсан хүмүүс
-Болиоч ээ, бид яарч байна. Явж дугаарлаач дээ гэлцэв.
Яагаад ч юм дургүй хүрээд
-Таны сагсанд юмаа хийчье тэгэх үү гэлээ
- Тэг тэг.
-Яасан даварсан авгай вэ. Хөөгөөч ээ наад заваан юм аа гэж хүмүүс орилолдох нь тэр.
-Та миний барааг төлчихгүй юу гэж бүр цаашлуулав
-Бологүй яахав.
Арын хүмүүс дуугаа хураачхав.
-Та унаатай юу. Намайг хүргээд өгчихгүй биз гэхэд манай нөхөр тэсэлгүй инээд алдчихав.
Арын хүмүүс таг чиг. Бид хоёр инээд алдсаар гайхсан бас атаархсан харцаар үдүүлэн дэлгүүрээс гарч билээ.
х х х
Манай охин тавдугаар ангид сурдаг. Эцэг эхийн хуралд ихэвчлэн би явдаг л даа. Хоёрдугаар улирлын дүн гарах хурал болох учир эхнэр явлаа. Яагаад ч юм тэр өдөр эхнэртээ гэнэтийн бэлэг баримаар санагдаад охинтойгоо гэрээ гялалзтал цэвэрлэв. Гал тогоо, зочны өрөөгөө гял цал болгоод тавьчихлаа. Ингээд эргээд юунд ч хүрэлгүй ээжийгээ ирэхийг хүлээв.
Цагын дараа эхнэр ирээд хувцсаа тайлан, гал тогоонд орж аяга ус уучхаад буйдан дээрээ хэвтээд өглөө. Охин бид хоёр түүний юу гэх бол гээд л хараад байлаа. Бидний харцыг мэдэрсэн тэрбээр
-Яасан гэх нь тэр.
-Гэрээ хараач дээ. Тэр гал тогоо, зочны хэсэг энэ тэрийг харахгүй байна уу гэж намайг гайхтал
-Гал тогоо? гэж өөдөөс асуудаг юм байна.
-Охин бид хоёр гялалзтал цэвэрлэчихсэн байгаа биз дээ. Харахгүй байна уу? Бид хоёр чамд гэнэтийн бэлэг барьж байхад гэвэл эхнэр маань инээмсэглээд
-Аан, харсаан харсан. Ёстой нэргүй ажил шүү, тиймээ гэв.
Нээрээ л нэргүй ажил юм даа.