Ажлаас нь чөлөөлөх санал гаргасантай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт захидал бичсэн. Тэрбээр захидалдаа Монгол Улс 2020-2024 онд 14.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх болоод буйг дурдсан юм. Манай улсын гадаад валютын албан нөөц одоогоор дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байна. Валютын нөөцөөсөө гурав дахин их гадаад өр төлөх он жилүүд биднийг хүлээж буй нь энэ. Монголчуудын гадаад өр 27 тэрбум ам.долларт хүрсэн. Нийт гадаад өрийнхөө тэн хагасыг ирэх таван жилд төлж барагдуулах хуваарьтай юмсанж. Өрөө төлөх хэмжээний “ногоон” бидэнд байхгүй. Тиймээс төлөх хугацаагаа сунгах, өөр нэгнээс зээлж, өмнөх өрөө дарах арга чарга хайж тархиа гашилгахаас өөр аргагүй. Тэнгэрээс ам.доллароор бороо ордоггүй юм бол дээрх хэмжээний өрийг төлөх валют бүрдүүлэх боломж манай эдийн засагт хомс.
...Монголбанкныхан БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийнхээ хугацааг дахин сунгах саналыг өнгөрсөн наймдугаар сард тавьсан. Цаадуул нь одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байгаа...
Дээрх нь Засгийн газар, Монголбанк, аж ахуйн нэгжүүдийн өрийг нийлүүлсэн тоо. Аж ахуйн нэгжүүд өрөө өөрсдөө шийдэж, учир начраа олдог юм байгаа биз гэхэд Монголбанк болон Засгийн газрын өр олон нийтийн санааг чилээх асуудал яах аргагүй мөн. Монголбанк 2011 онд БНХАУ-ын Ардын банктай төгрөгөөр юань сольж авах хэлэлцээ хийж, гэрээ байгуулсан. Гэрээнийхээ хугацааг гурван удаа сунгаж, авч хэрэглэсэн юаниа 2020 онд эргүүлэн өгөхөөр болоод буй. Мөн авч хэрэглэх юанийнхаа хэмжээг гурав дахин нэмж, 15 тэрбумд хүргэсэн билээ. Монголбанк Ардын банкнаас одоогоор 1.5 тэрбум ам.доллартой дүйх юань авч хэрэглэсэн аж. Ардын банк свопын мөнгөө манайд жилийн гурван хувийн хүүтэйгээр олгодог. Нэг талаар энэ нь Монголбанкны Ардын банкнаас авч буй жилийн гурван хувийн хүүтэй зээл юм.
Засгийн газар 2021-2024 онд “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын өрийг төлнө. Манай Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан дөрвөн бондын нийлбэр 2.9 тэрбум ам.доллартой дүйж байна. Түүнчлэн Хөгжлийн банк 500 сая ам.доллартой тэнцэх иений буюу “Самурай” бонд гаргасан. Уг бондыг 2023 онд эргүүлэн төлөх хуваарьтай. Уг бондын хөрөнгийг босгоход Засгийн газар баталгаа гаргаагүй. Гэхдээ Хөгжлийн банк бол тусгай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой институц. Тиймээс өрөө төлж чадахгүй бол Засгийн газар л хариуцлага хүлээнэ.
Монголбанкныхан БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийнхээ хугацааг дахин сунгах саналыг өнгөрсөн наймдугаар сард тавьсан. Цаадуул нь одоогоор тодорхой хариу ирүүлээгүй байгаа. Хугацааг нь дахиж сунгахгүй, авч хэрэглэсэн юаниа эргүүлэн төл гэвэл манайханд үгүй гэх эрх байхгүй. Тиймээс санаа амрах цаг болоогүй байна. Монголбанкныхан Ардын банкныхныг хэлцлээ сунгана гэж илэрхий найддаг. Манай авч хэрэглэсэн мөнгөний хэмжээ бусад улстай хийсэн своп хэлцлийнх нь нэг хувьд ч хүрдэггүй гэнэ лээ. Үүнээс гадна хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаа сайн, өмнөд хөрш “Бүс ба зам” санаачилга хэрэгжүүлж, бүс нутгийн худалдааг интеграцчлах бодлого явуулж байгаа учраас своп хэлцлийнхээ хугацааг сунгана гэж найдаж байгаа аж. Өмнөд хөршийнхөн манай улсын эдийн засгийн нөхцөлийг сайтар мэднэ. Шулуухан хэлэхэд, төлөх чадамж хомс гэдгийг ойлгож байгаа. Тиймээс хэлцлээ сунгах болов уу гэсэн найдлага олон нийтийн дунд давамгайлж байна. Сунгавал мэдээж сайн хэрэг. Монголчууд нэг өрийн дарамтаас түр ч атугай ангижирна гэсэн үг.
Засгийн газар жил дараалан төлөх гоё нэртэй дөрвөн бондынхоо өрийг хэрхэх бол. Сангийн яам, Монголбанк хамтран ажиллаж, 2016 онд өрийн менежментийн төлөвлөгөө батлуулсан. Өрийн менежментийн төлөвлөгөө гэх нэрийн цаана дахин санхүүжилтийн төлөвлөгөө баталсан юм. Дахин санхүүжүүлнэ гэдэг нь өөр хэн нэгнээс мөнгө зээлж, бондынхоо төлбөрийг хийнэ гэсэн үг. Авдарт нь тоолоод өгчих мөнгө байхгүй ядуу улс бусдаас зээлж бондын төлбөрөө хийх болов уу гэж өнөөгийн нөхцөлд тулгуурлан таамаглаж байна. Ингэвэл дөрвөн удаа шинэ бонд гаргаж, хуучнаа төлнө гэсэн үг. Мөн ирэх жилүүдэд Засгийн газрын донор байгууллагуудаас авсан урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлүүдээ ч төлж эхлэх болов уу. Сангийн яамнаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн талаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгдөггүй. Харин нээлттэй зах зээлд арилждаг учраас бондуудынх нь талаар иргэд мэдээлэлтэй байдаг билээ.
Өрөө дахин санхүүжүүлэхэд учир бий. Эдийн засгийнхаа суурь нөхцөлийг сайжруулж, зээлжих зэрэглэлээ ахиулах бодлогыг Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн нөхцөлөө сайжруулж чадвал олон улсын зах зээлээс дахин хөрөнгө босгоход хялбар болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид манай улсад итгэнэ. Зээлжих зэрэглэлээ ахиулбал бага хүүтэй зээл олдоно. Ингэвэл төсөвт учруулах зээлийн дарамт буурах учиртай. Манайх 2016 онд олон улсын зах зээлд жилийн 10.19 хувийн хүүтэй “Мазаалай” бонд гаргасан. Энэ бол маш өндөр хүүтэй зээл. Ийм өндөр үнэтэй зээлийг дахин санхүүжүүлэхдээ хүүг нь багасгах зорилт тавих хэрэгтэй юм. Эдийн засагчид Засгийн газрын төсвийн зардлыг хэт тэлж, алдагдлыг өсгөсөн өнөөгийн бодлогыг өрийн дарамтыг улам хүндрүүлнэ гэж шүүмжилж байгаа. Тэдний зарим нь Засгийн газар урт хугацааны эдийн засгийн нөхцөлөө тооцохгүй, ирэх оны сонгуульд зориулсан төсвийн бодлого хэрэгжүүлж байна гэж дүгнэсэн. Үе үеийн Засгийн газар өр нэмэх бодлого баримталсаар ирсэн билээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өр ихтэй учраас гадаад валютын албан нөөцөө нэмэх ёстой гэсэн байр суурь баримталдаг. Валютын нөөцийг нэмэх бодлого баримтлахаар ам.долларын ханш өсөх магадлалтай. Үүнтэй иргэд санал нийлдэггүй. Тэгэхээр эндээс өрөө дарах нөөц бүрдүүлье гэвэл ам.долларын ханшийг сулруулах юм байна гэсэн логик гарна. Своп хэлцлийн гэрээгээ сунгачихъя гэж бодъё. Тэгээд валютын нөөцөө 2021 он гэхэд дор хаяж 4.5 тэрбум ам.долларт хүргэчихье. Ингэвэл өндөр хүүтэй авсан “Мазаалай” бондын 500 сая ам.доллароо нөөцөөсөө төлөх боломж монголчуудад бий. “Мазаалай” бондыг уутаа гөвж байгаад ч болтугай төлчихвөл дараагийн бондуудыг дахин санхүүжүүлэхэд ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Монголчууд ядуу ч гэсэн өрөө төлөх сэтгэлтэй хүмүүс байна гэсэн “төрх” бүрдэх учраас тэр. Төр, засаг өрөө төлөх хэмжээний нөөц бүрдүүлэх зорилт тавина гэдэгт итгэхгүй байгаа учраас дахин санхүүжүүлэх болов уу гэж таамаглаж буй хэрэг.
УИХ-ын ээлжит сонгууль ирэх жилийн зургадугаар сард болно. Ялсан нам уламжлал ёсоор Засгийн газраа 7-8 дугаар сард эмхлэн байгуулах биз. Шинээр томилогдох Ерөнхий сайд, ялангуяа Сангийн сайдын эрх барих хугацаанд өр тархийг нь гашилгана. Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хүн ч өр төлөхөд тархиа гашилгах учиртай. Өрийн дарамтад тархи нь гашлаад, толгой нь эргээд мэлийгээд суучихааргүй боловсролтой, чадалтай эрхмүүд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоосой билээ. Өрийн дарамтад тархиа гашилгах хэцүүхэн он цаг ойртож байна.