Жижиглэн худалдаачид импортын бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Ингэх болсон шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлт гэнэ. Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны “саарал жагсаалт”-д оруулснаас үүдэн валютын зах зээлд тогтворгүй байдал үүссэн. Улмаар иргэд төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу хөврүүлэх нь газар авсан. Энэ үзэгдэл одоо ч үргэлжилж байна. “Ногоон”-ы ханш сүүлийн 14 хоногт 40-50 төгрөгөөр чангараад буй нь долларжих үзэгдэлтэй холбоотой. Гоо сайхны бүтээгдэхүүн бөөний үнээр худалддаг “Их булаг” төвийнхөн валютын зах зээлд тогтворгүй байдал үүсэнгүүт барааныхаа үнийг тав орчим хувиар нэмсэн байна. Үүнийг гоо сайхны барааны жижиглэн худалдаачид баталж буй юм.
...Валютын зах зээлд тогтворгүй байдал үүсэх, долларжих үзэгдэл эхлэхээс өмнө Төвбанкныхан “саарал жагсаалт”-д орох нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг иргэдэд сайтар ойлгуулах шаардлагатай байсан. Хэрэг бишдэж мэдэхийг гадарласаар байж Монголбанкныхан мэдэгдэл хийж, мэдээлэл өгөөгүй...
Энэ жил тогтвортой байсан ам.долларын ханш өсчихлөө. Тэгэхээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй. Манай гадаад худалдааны гол валют ам.доллар, юанийн ханш өсчихөөр түүгээр худалдан авч, импортлон борлуулдаг бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь дамжиггүй. Үүний хамгийн тод жишээ нь шатахуун. Манайх ОХУ-аас хэрэглээнийхээ шатахууныг ам.доллароор худалдаж авдаг улс. Ам.долларын ханш дахиад хэдэн хувиар өсвөл шатахуун импортлогчид “Жижиглэн худалдааныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй боллоо” гэж шуугьж эхэлнэ. Шатахууны үнэ өсчихвөл тээврийн зардал өсөж, бусад бараа, үйлчилгээнийх нэмэгдэх нь гарцаагүй. Ам.долларын өсөлтийн нөлөөгөөр ялангуяа импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хүлээлт ийн үүсэв.
Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний 330 нэр, төрлийн барааны үнийг судалж, улсын инфляцын хэмжээг тогтоодог. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар хэдэн хувиар өсөж байгааг тодорхойлдог гэсэн үг. Манай улсын инфляц есдүгээр сарын байдлаар өмнөх жилийнхтэй харьцуулахад есөн хувиар өсөөд байна. Тэгвэл Улаанбаатар хотын инфляц 10.5 хувьд хүрсэн. Монголбанкнаас өнгөрсөн онд мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулахдаа энэ жилд инфляцыг найман хувиас илүү гаргахгүй байх зорилт тавьсан. Төвбанкны зорилт хэрэгжихгүй нь тодорхой боллоо. Он дуусахад хоёр сар үлдэв. Монгол Улсын жилийн инфляц үлдсэн хугацаанд хоёр оронтой тоонд дөхнө гэж шинжээчид дүгнэж байна. Мэдээж “ногоон”-ы ханш өссөн учраас тэд ийн таамаглаж байгаа.
Улсын инфляц өмнөх жилийн мөн үеийнхээсээ есөн хувиар нэмэгдэхэд махны үнийн өсөлт нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооныхон тайлбарласан. Өмнөд хөршийн иргэд мах өндөр үнээр, их хэмжээгээр худалдаж авсан нь дотоодын зах зээлийн ханшийг хөөрөгдсөн билээ. Үндэсний статистикийн хорооноос жилийн хугацаанд махны үнэ 37 хувиар өссөн гэсэн судалгаа танилцуулж байна. Сүүлийн нэг сард орон нутагт махны бөөний үнэ хямдарчээ. Ченжүүд махны үнэ кг нь 1000-2000 хямдарсан гэж ярилаа. Тэгвэл махны жижиглэн худалдааны үнэ хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатарт одоогоор төдийлөн хямдраагүй байна. Монголчууд хүнсэндээ их хэмжээний мах хэрэглэдэг. Махны үнэ буурах төлөвтэй болсон нь сайн хэрэг. Хүнсний гол бүтээгдэхүүний үнэ буурвал айл өрхийн санхүүгийн дарамт төдий чинээгээр багасах юм.
Махны үнэ хямарч эхэлсэн нь инфляц буурах нэг нөхцөл. Гэхдээ импортын барааны үнэ нэмэгдэх хүлээлт нь нийт инфляцыг өсгөх хөшүүрэг болно гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй. Уг нь инфляцыг тогтвортой байлгах арга чарга байсан. Монголбанкны үндсэн зорилго нь иргэдийнхээ худалдан авах чадварыг хамгаалахын тулд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах. Валютын зах зээлд тогтворгүй байдал үүсэх, долларжих үзэгдэл эхлэхээс өмнө Төвбанкныхан “саарал жагсаалт”-д орох нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг иргэдэд сайтар ойлгуулах шаардлагатай байсан. Хэрэг бишдэж мэдэхийг гадарласаар байж Монголбанкныхан мэдэгдэл хийж, мэдээлэл өгөөгүй. Гэтэл зарим улстөрч, эдийн засагч үндэслэлгүй, популист мэдэгдэл хийснээр ам.долларын ханш өсөж, инфляцыг хөөрөгдөх нөхцөл үүслээ. Монголбанкныхан зах зээлд олон арван сая ам.доллар нийлүүлсэн ч долларжих үзэгдэл зогсохгүй байна. Алсыг харж, эдийн засгийн суурь нөхцөлөө иргэдэд зөвөөр ойлгуулж чадаагүй нь Төвбанкныхны алдаа.
Инфляц хэдэн хувиар өсөх ёстой вэ гэсэн асуулт гардаг. Онолын хувьд жилийн хугацаанд инфляц 4-6 хувиар өсөж байвал эдийн засаг эрүүл гэж үзэх аж. Инфляц Улаанбаатарт хоёр оронтой тооноос давж, нийт улс орон даяар есөн хувиар өсөөд буй нь эдийн засаг эрүүл биш байгааг харуулав бололтой. Монгол Улсын эдийн засаг хагас жилийн дүнгээр 7.3 хувиар өссөн. Зарим эдийн засагч дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр хувиар өсөж байхад инфляц толгой өвтгөх асуудал биш гэдэг. Гэхдээ инфляцын өсөлтийн хувь эдийн засгийнхаас давж буй нь толгой өвтгөх асуудал биш гэвэл буруудах нь ойлгомжтой. Инфляц өндөр дүнгээр өссөн нь бодлогын алдаа байгааг хэлээд буй хэрэг.
Монгол Улсын инфляц 2010-2014 он хүртэл хоёр оронтой тооноос буураагүй. Харин 2015-2016 онд бага хэмжээгээр өссөн. Эдийн засгийн хямралаас шалтгаалж, дээрх хоёр жилд инфляц хоёр хүрэхгүй хувиар өссөн юм. Манай улсын саарч байсан эдийн засагт өсөлт 2017 оноос хойш сэргэсэн. Эдийн засаг сэргэх тусам инфляц өсөөд байгааг графикаас харж болно. ДНБ өндөр хувиар өсөх тусам Засгийн газар төсөв зохиохдоо зардлыг нь нэмээд л байгаа. Төсвийн зарлагын тэлэлт, инфляцын өсөлт харилцан хамааралтай нь анзаарагддаг. УИХ энэ оны төсвийн зарлага 11.5 их наяд төгрөг байхаар баталсан. Энэ нь төсвийн зарлагыг өмнөх оныхоос 1.9 их наяд төгрөгөөр өсгөсөн үзүүлэлт байв. Өөрөөр хэлбэл, 25 хувиар нэмсэн үзүүлэлт юм. Зах зээлд төсвөөс нийлүүлэх мөнгөний хэмжээ 25 хувиар өсөхөөр инфляц өсөх нь ойлгомжтой. Төсвөөс нийлүүлэх мөнгөний хэмжээ нэмэгдэхээр бараа, бүтээгдэхүүн худалдаж авах эрэлт өснө. Ингээд үнэ дээшилдэг жамтай.
Тэгвэл Засгийн газар ирэх жилийн төсвийн зардал 13.8 их наяд төгрөг байх хуулийн төсөл хэлэлцүүлж байна. Уг төслийг хэвээр баталбал төсвийн зардал энэ оныхоос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Ийм хэмжээний зардлын өсөлт инфляцыг хөөргөх нь дамжиггүй.
Төсөвт төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, бүх төрлийн тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэхээр тусгасан. Ингэвэл цалин, тэтгэвэр, тэтгэмж ирэх жил 10 орчим хувиар өснө гэсэн үг. Эл нэмэгдэл нь хөрөнгө оруулалтыг биш, хэрэглээг дэмжинэ. Бүдүүн тоймоор хэлэхэд, өргөн хэрэглээний барааны эрэлт ирэх жил 10 хувиар өсөх нь гээд ойлгочиход гэмгүй. Төвбанкнаас Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг 4.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр ам.долларын ханшийг өсгөх магадлал өндөр. Ам.долларын ханш өсөх нь инфляцыг хөөрөгдөх нөхцөл болдгийг дээр дурдсан. Төсвийн тэлэлт, ам.долларын өсөлт нийлээд өргөн хэрэглээний барааг үнэтэй болгох цаг ойртжээ.