Улсын Их Хурлаас баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон. Тэгвэл Төв банкны тооцоолсноор гадаад өрийн хэмжээг бүх хэмжээсээр авч үзэхэд зохистой түвшнээс өндөр байгаа юм. Томоохон бонд зээлийн төлбөр төлөгдөх хугацаа ойртож байна.
Тухайлбал, манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын тэрбум, 2023 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх болон БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн зэрэг өр төлбөрийг төлөх ёстой.
Хамгийн сүүлчийн мэдээллээр, Монгол Улсын гадаад өр 29.7 тэрбум ам.доллар буюу бараг 30 тэрбум ам.доллар болсон нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их үзүүлэлт юм. Өмнө нь авсан төрийн бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүйн улмаас гадаад өрийг эргэн төлөхөд хүндрэл учраад байна.
НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославскийн хэлснээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн /ипотек, хэрэглээ, компанийн өр/тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорацуудын гадаад өр эзэлж байна.
Энэхүү өрөө төлөхийн тул Засгийн газар төсвийн бүрдүүлэлтээ хийж, хүний эрх, нийгмийн асуудлыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танах үзэгдэл түгээмэл ажиглагдаж байна. Тухайлбал, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу. Түүний дотор зарим бүс нутагт нийт хүн амын бараг тал хувь нь ядуурлын төвшнөөс доогуур төвшинд амьдарч байна" хэмээн онцолжээ.
Гадаад өр өндөр байгаагаас шалтгаалан валютын ханш сулрах, эрдэсийн үнэ унах зэрэг шокууд илрэхэд өрийн үйлчилгээний зардал өсөх, улмаар санхүүгийн салбар доройтох эрсдэлтэй.
Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын орон зай хязгаарлагдаж байна. Гадаад өрийн менежментийг оловчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, цаашид гадаад өрийг шийдвэрлэх хэрэгслүүдийн давуу болон сул талыг харьцуулах замаар гадаад өрийн удирдлагын оновчтой стратегийг боловсруулан хэрэгжүүлэх сорилт бидний өмнө тулгараад байна.