Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс гэр хорооллын айл өрхүүд цахилгааны хөнгөлөлт эдэлж эхлэх гэнэ.
Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор орой бүрийн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд буюу 9 цагийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын цахилгааны үнийг 100 хувь хөнгөлхөөр болжээ. Мөн аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сумын цахилгааныг шөнийн цагт 50 хувь хөнгөлөх аж.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: 220 вольтийн хүчдэл хэрэглэж байгаа өрхүүд сардаа 700 квт, 380 вольтийн хүчдэл хэрэглэж байгаа өрхүүд 1500 квт цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин үүнээс илүү гарсан цахилгааны хэрэглээг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд гэр хорооллын өрхүүд заавал хоёр тарифын тоолууртай байх ёстой. Өөрөөр хэлбэл, орой 21 цагаас өглөөний 6 цагт хэрэглэсэн цахилгааныг тусад нь тоолдог тоолуур байх шаардлагатай.
Энэ жил нийслэлийн 116 мянган өрх цахилгааны 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Харин орон нутгийн 44 мянган өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх аж.