Дэлхий даяар саятнуудын тоо сая саяар нэмэгдсээр байгааг “Econоmist” сэтгүүл мэдээллээ. 2014 онд Лондонд Нью-Йоркийнхоос олон буюу 72 тэрбумтан (ам.доллароор тооцсоноор) байсан бол өдгөө энэ тоо 95-д хүрчээ. Харин тэдний “хамаатнууд” болох саятнууд өнгөрсөн онд 27 мянгаар цөөрсөн гэнэ. Энэ нь брекситийн тодорхойгүй байдлаас шалтгаалж фунтийн ханш суларсантай холбоотой аж. Гэхдээ бөмбөрцөг даяар ам.долларын саятнууд өсөж буй статистик гарчээ. Тодруулбал, өдгөө дэлхий даяар ам.долларын саятан 46.8 сая бий хэмээн “Credit suisse” судалгааны институт тооцсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн дунд үеэс 1.1 саяар (талаас илүү нь АНУ-ынх) нэмэгдсэн дүн болжээ. Тэдний дөрөв гаруй сая нь Хятад, гурван сая нь Япон, хоёр сая нь ХБНГУ-ын иргэн гэнэ. Хамгийн олон буюу бараг 19 сая саятантай АНУ уг жагсаалтыг тэргүүлжээ.