Британийн эрдэмтэд суугаа ажил ямар их хор уршигтайг үзүүлэхээр шийджээ Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд Герман, Франц, Их Британийн 3000 гаруй оффисын ажилтнуудтай ярилцлага хийн, эрүүл мэндийн ямар асуудал хамгийн их тулгардгийг илрүүлсэн тухай Huffpost мэдээлжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 50 хувь нь нүд хуурайших, 49 хувь нь нуруу өвдөх, 48 хувь нь толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг болсон гэж хариулжээ. Үүнээс гадна тэдгээр хүмүүсийн ихэнх нь жин нэмж, хараа нь муудсан байна. Эрдэмтэд эл судалгаан дээр тулгуурлан оффист ажилладаг хүмүүсийн 20 жилийн дараах дүр төрхийг харуулах зорилгоор Эмма нэртэй эмэгтэй хүний лаан дүрсийг бүтээжээ. Эммагийн нуруу нь бөгтийж, хөдөлгөөний хомстлоос болж бүх биеийнх нь булчин суларсан, цусны эргэлт муудсанаас судасны бүдүүрэл үүсэж, олон цаг компьютерын ард суусаар нүд нь хуурайшиж улайсан, байнгын стрессээс болж эмэгтэйн арьс маажууртай болж, буруу хооллолт илүүдэл жинд хүргэж, агаар муутай орчин чих хамарт нь үс ургуулсан байна. “Хэрэв бид одоо л арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд Эмма шиг болно” гэж төслийг санаачлагч Уильям Хайэм хэлэв. Тэрбээр офисст ажилладаг хүмүүст компьютерын ард аль болох бага цагийг өнгөрөөж байх, ажлынхаа үеэр байн байн завсарлага авч хөдөлж байхыг зөвлөжээ. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах явдал тухайн ажилчин өөрөө болон ажил олгогч хоёулангийнх нь үүрэг хариуцлага гэдгийг шинжээч тэмдэглэв.