Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн офицерийг хутгалсан гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтжээ. Сон гино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах II тасгийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч П.Алтанцоож өнгөрсөн баасан гаригийн үдэш эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Ганбат гэгчийн байгаа газрыг тогтоон, саатуулахаар очжээ. Тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх гэртээ байсан гэнэ.
Ганбатынд мөрдөн байцаагч ороход тэрбээр хоёр хутга гаргаж ирээд П.Алтанцоожийн гар руу хэд хэдэн удаа хутгалаад цонхоор гарч зугтсан байна. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Бид баасан гаригийн үдэш түргэн авч цугласан. Ингээд үүрэг авахаар хүлээж байтал манай эргүүлийн цагдаа нар сэжигтнийг саатуулсан тул бид тарсан. Чухам ямар хэрэгт эрэн сурвалжлагдаж байсныг мэдэхгүй. Одоо Сонгинохайрханы цагдаагийн хэлтэст шалгаж байгаа байх” гэлээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Манай хэлтсийн Мөрдөн байцаах II тасгийн мөрдөн байцаагч П.Алтанцоожийг гэмт этгээд хутгалж шархдуулаад зугтсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
Хэрэг гарсан нутаг дэвсгэрийн харьяалал нь тус дүүргийнх болохоор тэнд шалгана. Ганбаттай холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл ирсний дагуу мөрдөн байцаагч П.Алтанцоож саатуулан шалгахаар гэрт нь очиход тэрбээр эсэргүүцэн ийм явдал боллоо. Мөрдөн байцаагчийн бие сайн байгаа” гэв. Харин тус дүүргийн прокурорын эх сурвалж “Манай дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байгаа 20 орчим хүн бий. Тэдний нэгийг барихаар мөрдөн байцаагч байгаа газрыг нь тогтоон очсон юм билээ. Гэтэл сэжигтэн түүнд халдан гэмтээгээд зугтсан байгаа юм.
Гэмт этгээд гэрийнхээ цонхоор гарч зугтахдаа гартаа хоёр хутгатай явж байсан” гэж ярилаа. ГССҮТ-ийн ээлжийн эмчээс энэ талаар лавлахад “Гартаа хутгалуулсан цагдаагийн ажилтан ирсэн. Түүний гарт 2-3 оёдол жижүүрийн мэс заслын эмч тавиад явуулсан байна лээ. Амь наснаас нь холуур учир хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзээд явуулсан” гэсэн юм.