Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг УИХ ид хэлэлцэж байна. Сангийн яамнаас 11.79 их наяд төгрөгийн орлоготой, 13.87 их наядын зардал гаргах төсвийн төсөл өргөн мэдүүлсэн. Ингэхээр төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөгтэй дүйж буй. Засгийн газар энэ оны батлагдсан төсвөөс хоёр их наяд орчим төгрөгөөр илүү зардал гаргах төсөв өргөн мэдүүлсэн нь энэ. Тиймээс ирэх жилийн УИХ-ын сонгуульд зориулсан, улс төрийн оноо цуглуулахын тулд зардлыг нь тэлсэн, бүсээ хэт сулласан төсөв гэж эдийн засаг, санхүүгийн салбарынхан дүгнэж байна. Монголбанкныхан төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр дутна гэж төсөөлжээ. Ингэвэл төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг болж өсөх магадлалтай. Төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөг байхаар тооцсон нь ч бага дүн биш.
Сангийн яамныхан төсвийн алдагдал эх үүсвэртэй гэж тайлбарласан. Тэд алдагдлыг нөхөх 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэрийг олон улсын түнш байгууллагаас зээлэхээр тохирчээ. Энэ бол Олон улсын валютын сантай манай Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд зээлэх мөнгө юм. Уг хөтөлбөр арилжааны зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн “арга”-аа тайлбарлаж чадахгүй байгаагаас шалтгаалаад гацчихсан. Хэрхэх нь тодорхойгүй нөхцөл үүссэн гэсэн үг. Мөн Төсвийн тогтворжуулалтын сангаас 447 тэрбум төгрөг улсын төсөв рүү шилжүүлж, алдагдлыг нь нөхөхөөр төлөвлөжээ. Энэ шийдэл бодлогын зарчимтай, цаашлаад хуулийн заалттай нийцэх үү гэдэг асуулт ургана.
...Төсвийн тогтворжуулалтын санд багахан хуримтлал үүсэхээр эрх баригчид түүнийг нь улс төрийн оноо цуглуулах зорилгоор хэдийд ч ашигладаг буруу жишиг тогтвол яах вэ. Ингэвэл төсвөө тогтворжуулахын тулд сан байгуулсны зорилго биелэхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хоосон номлол, тунхаг болж хоцорно...
Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийх, тогтвортой байлгах зорилгоор УИХ-аас 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан. Уг хууль төсвийн зардлыг хэт тэлж, их хэмжээний алдагдал үүсгэн, Засгийн газрын өрийг нэмэхээс сэргийлэх зорилготой. Мөн дэлхийн зах зээлд зэс, нүүрс гэх мэт экспортын голлох түүхий эдийн үнэ төсөөлснөөс буурч, төсвийн орлого бүрдүүлэхэд хүндрэл учруулбал тусгай санд хуримтлуулсан мөнгөөр сэлбэх зорилготой байв. Иймээс ашигт малтмал олборлох, экспортлох үйл ажиллагааны татвараас тодорхой хэсгийг нь тусгай сан байгуулан, хуримтлуулах эрх зүйн зохицуулалтыг уг хуулиар бүрдүүлсэн. Тодруулбал, дээр дурдсан Төсвийн тогтвортой байдлын санг байгуулсан юм. Тус санд хуримтлуулсан хөрөнгийг эдийн засаг хүндэрч, төсвийн орлого бүрдэхгүй байх, байгаль, цаг уурын давагдашгүй нөхцөл үүсэх үед зарцуулах бодлоготой.
- 16.3. Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс доор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:
- 16.3.1. Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч, төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
- 16.3.2. Төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
- 16.3.3. Энэ хуулийн 9.1.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас давсан хэсгийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлэх.
- 16.4. Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх эх үүсвэр, зарцуулалтын хэмжээг тооцох аргачлал болон уг санд эх үүсвэр төвлөрүүлэх, түүнээс зарцуулалт хийх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
- 16.5. Энэ хуулийн 16.3.1, 16.3.2-т заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.
- 16.6. Энэ хуулийн 16.3.3-т заасан зориулалтаар зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал гаргаж, энэ хуулийн 9.1.3-т зааснаар тухайн жилийн төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусган батална.
- 16.7. Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө энэ хуулийн 16.3.1-т заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.
- /Энэ зүйлийг 2016 оны хоёрдугаар сарын 5-ны хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд 2016 оны хоёрдугаар сарын 5-ны хуульд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, энэ зүйлийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө/
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хэсэгчлэн авав
Гэтэл эдийн засгийн нөхцөл сайн, ашигт малтмалын үнэ өндөр байхад Төсвийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг шавхаж, төсвийн алдагдлыг нөхөх гэж буй нь ямар учиртай вэ.
Эл шийдлийг бодлогын алдаа, төсвийн зардлыг хүчээр тэлэх гэж улайрсан арга гэж үзэх эдийн засагч олон таарлаа. Уг нь дээрх хуульд “Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна” гэсэн заалт тусгасан байсан юм. Үүнийг УИХ-аас 2017 онд хүчингүй болгочихсон. Босго тогтоосон уг заалтыг хүчингүй болгосноор Төсвийн тогтвортой байдлын санд их хэмжээний мөнгө хуримтлуулах бодлого алдагдсан билээ.
Эдийн засагчид 2-3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, төсөвт томоохон эрсдэл учрахад ажрахгүй даваад гарах сан үүсгэх хэрэгтэй гэдэг. Үнэхээр ч их хэмжээний хөрөнгө хуримтлуулж байж тогтворжуулах чадамжтай сан үүсгэх нь дамжиггүй. Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай “Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүндрэл тохиолдоход хэрэглэх нь зүйтэй. Дэлхийн бусад орон тогтворжуулалтын санг хүндрэлийг даван туулахын тулд байгуулдаг. Гэтэл Сангийн яам эдийн засаг өсөж байх үед сангийн хөрөнгийг ашиглах гэж байгаа нь буруу. Манайхаас энэ талаар Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн” гэсэн юм.
Цаг сайхан байхад тогтворжуулалтын сангийн хөрөнгийг үрчихээр “тэнгэр муудаж”, мөнгө дутвал юугаараа нөхөх вэ. Эдийн засгийн өсөлтийн үед төсвийн зардлыг тэлэх зорилгоор сангийн хөрөнгийг ашиглаж байгаа нь буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Төсвийн тогтворжуулалтын санд багахан хуримтлал үүсэхээр эрх баригчид түүнийг нь улс төрийн оноо цуглуулах зорилгоор хэдийд ч ашигладаг буруу жишиг тогтвол яах вэ. Ингэвэл төсвөө тогтворжуулахын тулд сан байгуулсны зорилго биелэхгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хоосон номлол, тунхаг болж хоцорно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг хэдийд ч дураар зарцуулахыг хориглох заалтыг хуульд тусгах хэрэгтэй. Үүнийг УИХ-аас шаардах нь зүйтэй юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тогтворжуулалтын сангийн хөрөнгөөс ямар тохиолдолд төсөв рүү шилжүүлж болохыг тодорхой заасан байдаг. Тус хуулийн 16 дугаар зүйлийн долоон заалтад эдийн засгийн нөхцөл сайн үед, түүхий эдийн ханш өндөр байхад тогтворжуулалтын сангийн хөрөнгийг төсөв рүү шилжүүлж болно гэсэн заалт огт байхгүй. Долоон заалтад дурдсанаас бусад тохиолдолд тус сангийн хөрөнгө хэрэглэхийг хориглодог. Гэтэл яагаад Сангийн яамныхан хууль зөрчин байж тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг нөхөх гээд байна вэ. Тогтворжуулалтын сангийн хөрөнгө бол бодлогоо гажуудуулж, хууль зөрчин байж, өөрсдийн эрх ашгийн төлөө “хөөсрүүлсэн” төсвийн нөхөөс биш.