Японы шинэ Эзэн хаан Нарухитогийн хаан ширээнд заларсныг албан ёсоор тунхаглах ёслол Токио хотод өнөөдөр эхэлж байна. Ёслол Гурван гэгээн бурхдад зарлах зан үйлээр эхэллээ. Эл зан үйлд зориулагдсан цагаан хувцас өмссөн Эзэн хаан Нарухито ариун Кашикодокоро сүмд очиж Нарны бурхан Аматэрасу Омикамид (шинто шашны дээд бурхан) мөргөөд хаан ширээнд заларснаа зарлаж буй үгээ хэлэв. Кашикодокоро сүмийн дараа Эзэн хаан Нарухито Кореэден сүмд очиж өмнөх эзэн хаадын сүнс нарт мөргөл үйлдэж өргөл өргөх аж. Эзэн хааны дараа сүм хийдүүдэд хатан хаан мөргөл үйлдэх юм байна. Хатан хаан мөн л цасан цагаан хувцастай байх ёстой аж. Эл зан үйлийн үеэр өмсдөг хувцас VIII зуунаас уламжлагдан иржээ. Хатан хааны дараа Кашикодокоро сүмийн өмнө эзэн хааны гэр бүлийн гишүүд болон Ерөнхий сайд Шинзо Абэг оролцуулаад засгийн эрх баригч гурван салбарын төлөөлгчид Аматэрасу Омиками бурханд мөргөх гэнэ. Үдийн алдад эзэн хааны ордонд Сокуарей Сайден-но-ги хэмээх эзэн хааныг албан ёсоор тунхаглах ёслол эхэлнэ. Энэхүү ёслолд 2 мянга орчим зочин уригдсан бөгөөд үүний 400 нь төрийн тэргүүнүүд болон 180 орны төлөөлөгчид оролцох юм байна. Энэхүү арга хэмжээний дараа ёслолын парадыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч “Хагибис” хар салхины улмаас уг үйл ажиллагааг 11 дүгээр сарын 10 хүртэл хойшлуулсан байна. Орой нь хааны ордонд хүндэтгэлийн хүлээн авалт хийх аж