Францын нийслэл Парис хотод болж буй FATF-ийн хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар Bloomberg агентлаг мэдээллээ.
Тодруулбал, ФАТФ-ын хурлын шийдвэрээр Монгол Улс нь тус жагсаалтад Исланд, Зимбабве улсуудын хамт багтжээ.
Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орж, хязгаарлалттай болно. Мөн манай улсын олон улс дахь нэр хүнд муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасах гэх мэтээр сөрөг байдлаар нөлөөлөх эрсдэлтэй.
Гэхдээ саарал жагсаалтад орж байгаа нь манай улсын анхны тохиолдол биш. 2013 онд FATF-аас манай улсыг Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэсэн шалтгаанаар “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” буюу “саарал” жагсаалтад оруулж байсан юм.
Тухайн үед УИХ-аас холбогдох хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлтийг оруулснаар 2014 оны 1-р сард тус жагсаалтаас гарч байсан түүхтэй.