Ертөнцийн төгсгөлийг хүлээж дор хаяж есөн жил байшингийнхаа доод хонгилд амьдарч байсан гэр бүлийг Голландын цагдаа нар илрүүлжээ. RTTV сувгийн мэдээлснээр Нидерландын зүүн хойд хэсэг дэх Дренте мужийн фермд 58 настай эрэгтэй 16-25 насны зургаан хүүхэдтэйгээ гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан амьдарч байжээ. Тэдний хамгийн том хүү нь тус нутгийн бааранд ирж тусламж гуйснаар эл гэр бүлийн тухай мэджээ. Залуугийн гадаад төрх бие авч яваа байдал тус баарны ажилтнуудын санааг их зовоожээ. “Тэрээр таван аяга шар айраг захиалаад бүгдийг нь ганцаараа уучихсан. Тэгээд гэрээсээ оргож явна, тусламж хэрэгтэй байна гэхээр нь бид цагдаа дуудсан.Түүний үс сахал нь ургаж, бохир заваан хувцастай байсан. Есөн жил үсчинд ороогүй гэж хэлсэн. Бас эргэн тойронд нь юу болоод байгааг ойлгохгүй шинжтэй харагдсан” гэж баарны ажилтнууд тус телевизийн сурвалжлагчид ярьжээ. Бас ойролцоо фермд бага дүү нартайгаа амьдардаг. Дүү нараа тэндээс гаргаж авах ёстой гэж ярьсан байна. Залуугийн зааж өгснөөр цагдаагийн ажилтнууд гэрийнх нь зочны өрөөний шүүгээний ард газар доорх хонгил руу ордог шат олжээ. Байшин 3 мянган оршин суугчидтай Рюнерволд тосгоны ойрхон байдаг ч эргэн тойронд нь ихээр ургасан модноос болоод хүмүүс тэднийхийг анзаардаггүй байж. Ногоо тарьж, нэг ямаа хэдэн галуу гээд жижигхэн аж ахуйтай ганц бие эр амьдардаг л гэж бодож байсан аж. Тэнд хүүхэд байхыг хэн ч хэзээ ч хараагүй гэнэ. Одоогоор тус байшин болон түүний эргэн тойронд цагдаагийн хашлага тавьж хэнийг ч оруулахгүй байгаа аж. Цагдаагийн эх сурвалжаас авсан мэдээллээр 58 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд тэрбээр мөрдөн шалгах ажилтай хамтрахыг хүсэхгүй байгаа гэнэ.