Монголд сүүлийн үед “цагаан тахал” буюу хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, энэ төрлийн ургамал, бэлдмэлийг хилээр нэвтрүүлэх болон түүж бэлтгэх явдал эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс хүртэл байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байгаа билээ.
Хуулийн байгууллагын мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар хар тамхины хууль бус наймаа эрхлэгчид монголчуудыг энэ төрлийн гэмт хэр гийн золиос, тээвэрлэгч болгож ашиглаж байснаа сүүлдээ үндэстнийг тэр чигээр нь хэрэглэгч болгож, улмаар хууль бус наймааны орон болгохоор зэхэж байгаа бололтой. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хилээр мансууруулах бодис оруулж ирж, найз бүсгүйчүүдийнхээ хамтаар хэрэглэж байсан нэгэн хэргийн талаар өгүүлье.
ЗЭРЛЭГ ОЛС БУЮУ КАННАБИС МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГГҮЙ ГЭВ ҮҮ
Баянзүрх дүүргийн шүүх одоогоос 3-4 жилийн өмнө хип хоп хамтлагийн дуучдад холбогдох мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, худалдан борлуулсан хэргийг шийдвэрлэж байсан. Энэ үед шүүгдэгч нарын нэгийнх нь өмгөөлөгч “Каннабисын төрлийн ургамлыг хэрэглэх нь хүний биед тийм ч хор хөнөөлтэй бус. Хамтлагийн дуучин залуус энэ хорыг хүүхэд залууст таниулахын тулд …
Дээшээ тэнгэрт нис нис нис… хэмээх үгтэй дуу хүртэл зохиож дуулсан. Энэ өвс нь уран бүтээлчдэд онгод оруулах хэрэгсэл болдог” гэж тайлбарлаж байсан удаатай. Каннабис хэмээх бодис монголчуудын танил болсоор нэлээд удаж байгаа. НҮБ-ын Мансууруулах бодист хяналт тавих албаны тодорхойлс ноор кокаин, героины дараа каннабис ордог бөгөөд хар тамхи хэрэглэгч 166.5 сая хүн (2009 оны судалгаагаар) үүнийг хэрэглэдэг аж.
Уг бодисыг гарган авдаг ургамал манай орны хойд бүсийн аймгуудад ургадаг бөгөөд зарим албаны хүний өгүүлснээр тус бүсэд 1921 оны хувьсгалаас өмнө хятадууд суурьшиж, тариа тарихын зэрэгцээ зэрлэг олсны ургамал тариалсан нь манай орны хөрсөнд амархан зохицож, өргөн тархсан гэдэг.
Эндээс харахад каннабис буюу олсны төрлийн ургамал нь мансууруулах бодис болох нь батлагдаж байгаа юм. Үүнийг яагаад бичих болсон бэ гэвэл дор өгүүлэх Ч.Энхбат нарын мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн, хэрэглэсэн хэрэгт холбогдсон зарим хүн каннабисыг мансууруулах бодис гэж үзэхгүй байсан талаар хавтаст хэрэгт байв. Хан-Уул дүүргийн шүүхээр өнгөрсөн тавдугаар сард шийдвэрлэсэн
Ч.Энхбатад холбогдох хэрэг маш олон холбогдогчтой бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл зэрэгт хамрагдан ял шийтгүүлээгүй өнгөрсөн юм. Улаанбаатар хотын харьяат Ч.Энхбат 2009 оны есдүгээр сарын 03-нд Улаанбаатар төмөр замын төв буудлаас Бээжингийн чиглэлийн галт тэргэнд сууж өмнөд хөршийг зорьжээ.
Тэрбээр хувиараа шоу зохион байгуулдаг, дижи ч хийдэг нэгэн. Ч.Энхбат хэдэн найзын хамт ийнхүү өмнөд хөршийг зорих болсон шалтгаан нь “Сүнжин гранд” зочид буудалд шоу зохион байгуулахдаа хэрэглэх хөгжим хэрэгсэл авчрахад байж. Гэвч тэд Бээжинд очсоныхоо дараа хөгжим, техник хэрэгсэл ч сонирхсон юмгүй, бааранд орж бүжиглэхийн зэрэгцээ мансууруулах бодис хэрэглэж байгаад 10 гаруй хоногийн дараа нутгийн бараа харжээ.
Ингэхдээ Ч.Энхбат хоосон ирсэнгүй. Багагүй хэмжээний каннабис хилээр нэвтрүүлж, Улаанбаатарт авчирч чадсан байна. Тэрбээр ийнхүү явахдаа Эл, О, Эн нартай Бээжинг зорьсон бөгөөд найз О-гийнхоо суудлын автомашиныг ломбарданд хоёр сая төгрөгийн барьцаанд тавиад явжээ. Тэдэнтэй хамт бас И болон С нэртэй хоёр эмэгтэй өмнийг зорьсон гэнэ.
Бээжинд тэд нэгэн зочид буудалд буудалласны дараа Ч.Энхбат гарч яваад 10-аад ширхэг эм шиг зүйл, нэг дөрвөлжин баримлын шавар шиг зүйлийн хамт авчирчээ. Улмаар хамт явсан найз нарын хамтаар эм шиг зүйлээсээ нэг нэгийг уугаад бааранд орсон аж. Замын-Үүд -Улаанбаатарын чиглэлийн 275 дугаар галт тэрэг 2009 оны есдүгээр сарын 17-нд хуваарийн дагуу төмөр замын төв буудалд ирэхтэй зэрэгцээд 15 дугаар вагоны зургадугаар купений цонхоор тамхины хайрцаг нисэн тус буудлын IV замын ойролцоо унав. “Mild seven” нэртэй уг тамхины хайрцагт нэг ширхэг уг тамхи болон гялгар уутанд хийсэн шахмал, баримлын шавар шиг зүйл нэлээд хэдэн ширхэг байжээ. Үүнийг шидсэн хүн нь Ч.Энхбатын найз Эн.
Тэрбээр мэдүүлэгтээ “Улаанбаатарт ирээд бид цагдаад шалгуулах болоход Ч.Энхбат надад хандаж мансууруулах бодис оруулж ирснээ хэлсэн. Тэрбээр галт тэргэнд цагдаа орж ирэхэд намайг хая гээд тамхины хайрцаг өгсөн нь мансууруулах бодистой байсан юм билээ. Тэгээд уг хайрцагт миний хурууны хээ үлдсэн бололтой. Бид уг нь түүнийг мансууруулах бодис хилээр оруулаад хэрэггүй гэж захиж байсан. Өөрөө хаячихсан гэж байсан ч миний хаясан тамхины хайрцагт байсан юм билээ” гэжээ.
ТУУЛЫН БУРГАС МАНСУУРАГЧДЫН ОРОН БОЛСОН НЬ
Ч.Энхбат нарт холбогдох хэргийг шалгах явцад тэдний 2009 оны есдүгээр сарын 16-нд улсын хилээр мансууруулах бодис тээвэрлэж авчирсан үйлдэл нь зөвхөн нэг удаагийнх биш болох нь тогтоогджээ. Тэд 2009 оны долдугаар сарын 15- нд буюу наадмын дараахан Туул голын эрэгт очиж, бас л охид хүүхнүүдтэй наргиж, мансуурсан байна. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн гүүрнээс баруун тийш ХААИС-ийн оюутны байрны баруухан талд голын бургасан дунд тэд мансууруулах бодис хэрэглэжээ. Түүнээс хойш тэд хэд хэдэн удаа нийлж мансуурсан талаар хавтаст хэрэгт бий. Хавтаст хэргийн 169-186, 528-530 дугаар хуудсанд уг хэрэгт холбогдон шалгуулж байсан Батын мэдүүлэгт “Наадмын дараа шиг санагдаж байна.
Ч.Энхбат бидний дөрвөн залуу машинтай ХААИС-ийн баруун талын гэр хороолол дундуур явж байгаад голын эрэг рүү гарсан. Энэ үед бидний нэг маань баримлын шавар шиг мансууруулах бодис гаргаж ирээд шоколадны гялгар цаасан дээр тавьж дороос нь асаагуураар халааж хэрэглэсэн.
Хэд хоногийн дараа Ч.Энхбат над руу утасдаж “Тарваганы мах ид” гэхээр нь О гэдэг найзынхаа хамт очсон. Гэтэл Эл найз охин Сотойгоо хамт, Цо, Ко, Пү гэдэг залуу мөн найз охины хамт ирж, бид хэд мөн л уг бодисыг хэрэглэсэн. Улмаар архи уусан гэжээ. Түүнээс гадна Их тэнгэрийн амны зүүн талын энгэрт очиж мөнөөх бодисоо хэрэглэсэн байна.
Уг хэрэгт холбогдсон хүмүүсийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийн дагуу тэдний мансууруулах бодис хэрэглэж байсан гэх Туулын бургасанд цагдаагийнхан очиж үзлэг хийжээ. Үзлэгээр “Парламент” тамхины иш, тамхины үртэс, тугалган цаас, мөн бор ногоон өнгийн хатсан ургамлын үр шиг зүйл олдсон байна. Түүнд шинжилгээ хийхэд тамхины иш, ургамлын үртсээс каннабисын төрлийн мансууруулах бодис илэрсэн байна.
Тэдний мансууруулах бодис хэрэглэсэн ганц нэг үйлдлийг дээр дурдав. Хавтаст хэрэгт байгаа мэдээллээс үзэхэд уг хэрэгт холбогдсон залуус 2009 оны зургадугаар сард Бээжинд “Ваятрип” гэдэг бааранд, “Монгол шилтгээн”-д болсон рокеруудын наадмын үеэр, мөн У гэх бүсгүйн гэрт, “Макс” баарны гадаа, Б гэх залуугийн гэрт хоёр ч удаа хэрэглэж байсан гэдгээ цагдаагийнханд мэдүүлсэн байна.
ӨВЧНӨӨ МАРТАХ ГЭЖ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭДЭГ ГЭВ
Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирсэн гэх үндэслэлээр Ч.Энхбатад Хан-Уул дүүргийн шүүхээс гурван жил таван сарын хорих ял ногдуулсан. Тэрбээр мансууруулах бодис хэрэглэх болсон тухайгаа “Би “Метрополис” бааранд ажиллаж байхдаа нэг хүнээс баримлын шавар шиг зүйл жаахныг авч, хэрэглэх аргыг нь заалгасан. Түүнийг татахад толгойны өвчин намдсан. Би 1990-ээд оны үед толгойдоо царилаар цохиулж гэмтэл авсан юм.
Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ. Манайхан БНХАУ-д очоод ихэнхдээ хар арьстнуудаас мансууруулах бодис худалдаж авдаг гэнэ. Баянзүрх дүүргийн шүүхээр 2007 онд шийдвэрлэж байсан Б.Рагчаабазар, дижи Өөжий буюу О.Ганболд нарт холбогдох хэргийг хэлэлцэж байх үед тэд мөн л Бээжинд Жорж гэх хар арьст хүнээс мансууруулах бодис худалдаж авсан гэж мэдүүлж байжээ. Ч.Энхбат ч ялгаагүй хар арьстнаас авсан гэнэ.
2009 оны есдүгээр сарын 5-нд дээр нэр дурдсан залуус Бээжинд очиход Ч.Энхбат Вест гэдэг хар арьст хүн рүү утсаар ярьж, мансууруулах бодис худалдаж авчээ. Тэрбээр байрласан зочид буудлаасаа гарч, Бээжин дэх Канадын ЭСЯ-ны дэргэдээс мөнөөх хар арьст хүнтэй уулзаж авсан гэнэ.
Энэ хэргээс үзэхэд манай залуус харийнхны идэш хоол болж, мансууруулах бодист донтох өвчинд нэрвэгдээд байгаа юм биш биз гэх хардлага ч төрж байгаа юм.
Г.Равжаа