Монголын хөрөнгийн зах зээлээс мөнгө татан төвлөрүүлэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаагаа олон нийтэд арилжих зөвшөөрөл авсан “Мост финтек” компанийнхан энэ зорилгоосоо ухарсан. Тэгвэл хувьцаагаа олон нийтэд арилжихаар тус биржид хандсан хэд хэдэн компани харзнасан байдалд шилжсэнийг албаны эх сурвалж дуулгав. Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 орчим компани хувьцаагаа олон нийтэд худалдсан. Үүнийг хөрөнгийн зах зээлийн хөгжил нэг алхам урагшиллаа гэж дүгнэж байв. Хувьцаагаа олон нийтэд арилжсан компаниуд бүгд ашигтай ажиллаж байгаа. Гэвч хувьцааных нь үнэ унасаар буй юм. Тиймээс шинээр хувьцаа гаргахаар зэхсэн компаниуд болгоомжилжээ. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Богино хугацаанд ашиг олох сонирхолтой хүмүүс хувьцаа худалдаж аваад, эргүүлэн их хэмжээгээр зардгаас шинээр гаргасан үнэт цааснуудын ханш уналаа” хэмээн дүгнэж байна.