Нийслэлийн статистикийн хороо хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг хийжээ.
Махны дундаж үнэ
2019 оны 10 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9289 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 189 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр (0.6 хувь) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 260 төгрөгөөр (2.7 хувь) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
Монгол төмс 4.2 хувиар буурч 932 төгрөгөөр, лууван 4.6 хувиар буурч 1631 төгрөгөөр, байцай 8.0 хувиар буурч 1680 төгрөгөөр, хүрэн манжин 3.1 хувиар буурч 2643 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.