Элтон Жон бол дэлхийн супер од хэмээн нэрлэгдэх цөөн тооны уран бүтээлчдийн нэг. Түүний уран бүтээлийн санд 30 бүтэн цомог, 500 гаруй дуу багтдаг бөгөөд зохиосон, дуулсан дуунууд нь 30 гаруй жил Европ, Америкийн чатын дээгүүр бичигдсээр иржээ. “Грэмми”-гийн 3 удаагийн шагналт, “Оскарын” шагналт, орчин үеийн хөгжмийн урлагын нэр хүндтэй ямар шагнал байна бүгдийг хамсан энэ авьяаслаг уран бүтээлчийн хувийн амьдрал уран бүтээл шиг нь азтай дардан байгаагүй нь харамсалтай. Гэвч тэр их амьдарлын нугачаа, бие сэтгэлийн гансралаас түүний сувд мэт бүтээлүүд төрж байсан биз ээ.
Элтон Жоны жинхэнэ нэрийг Режинальд Кеннет Дуайт гэх бөлгөө. Тэрбээр 1947 оны 3 дугаар сарын 25-нд Лондоноос холгүй орших Пиннер хэмээх жижигхэн хотод төрж өссөн. Түүний бага нас баяр баясал, гэрэл гэгээгээр дутагдаж байсан гэж хэлж болох юм. Бага ба өсвөр насны хүүхдүүдийн зовлонт амьдралыг зөвхөн гэр бүлийн таагүй уур амьгал л бий болгодог шүү дээ. Тийм л таагүй уур амьсгал дунд Режи хүүхэд насаа өнгөрөөжээ. Түүний эцэг Стэнли цэргийн хөгжимчин байсан агаад өөрийн эхнэртэйгээ хайр сэтгэлгүй гэрлэсэн гэдэг. Тиймээс магадгүй тэдний гэр бүлд үргэлжийн хэрүүл уруул заримдаа зодоон цохион үргэлжилдэг байсан биз. Стенли мөн хүүдээ эцэг хүний хайр халамжийг өгч чаддаггүй байв. Энэ нь Элтоны бүх насных нь гуниг болж үлдсэн юм. Харин Режид эмээ нь хайртай байжээ. Эмээ нь зээ хүүгээ гурван настай байхад нь анх төгөлдөр хуурын ард суулгасан аж. Тэр үеэс л бяцхан хүү өөрийн гэсэн ертөнцийг бий болгон амьдрал тэр чигтээ хар бараан өнгө биш юм байна гэдгийг ойлгосон гэдэг.
Дөрвөн настайдаа Режи сонсголоороо тийм ч хялбар биш бүтээлүүдийг тоглож чаддаг болсон байлаа. “Би бяцхан Моцартыг хүмүүжүүлж байна” хэмээн хүүгээрээ бахархсан Шейла найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байсан бол “Ямар ч авьяасгүй толгойд нь юу ч заагаад нэмэргүй” гэж эцэг нь Режигийн ололтыг үл тоодог байв. Бурхан Режид муу эцэг заяасан ч авьяасыг харамгүй өгчээ. 11 настай Режийг Хөгжмийн Урлагийн Хааны Академийн шалгалтын коммис сонсоод ямар ч эргэлзээгүйгээр элсүүлсэн төдийгүй тус академийн нэрэмжит стипендийг олгосон аж. Рэжийг 13 настай байхад түүний эцэг эх салцгаажээ. Үргэлжийн хэрүүл уруул, эцгийнх нь доромжлол, үл тоомсорлол байхгүй болов. Удалгүй эх Шейла нь өөр хүнтэй гэрлэсэн байна. Зураач мэргэжилтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй хойд эцэг нь Режийг тал бүрээс нь дэмждэг байв. Режи хожим нэр алдарт гараад Элтон Жон хэмээх нэртэй болсон хойноо төрсөн эцэгтэйгээ уулзаж харилцаагаа сайжруулахыг хүссэн ч Стенли түүнийг нөгөө л үл тоомсорлосон зангаараа угтаж, дээрээс нь сонин сэтгүүлд хүүгээ элдвээр муулчлан “Миний хоёр дахь эхнэрээс төрсөн хүү Элтоноос хамаагүй илүү авьяастай байх болно” гэх мэтийн ярилцлагууд өгсөн юм. Эцгийнх нь энэ үйлдэл дуучинд сэтгэл санааны бас нэгэн хүнд цохилт болоод зогсохгүй амиа хорлохыг завдах болно. Элтон багаасаа өөрийгөө бусадтай адилгүй гэдгийг мэдэрч байжээ. Гэсэн ч чухам яг юугаараа гэдгийг тэрбээр өөрөө ч ойлгохгүй олон жил явсан гэдэг. Элтон мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй дурламтгай залуу байсан юм.
Түүний хамгийн анхны хайр нь Линда Вудро хэмээх бүсгүй байв. Элтон бүсгүйн хойноос олон сар гүйсний эцэст арай гэж өөрийн болгон хамтын амьдрал зохиосон гэдэг. Хэдий хамт амьдарч байсан атал Линда Элтонтой огтоос гэрлэхийг хүсэхгүй байжээ. Тэр хоёрын амьдралыг мэдэх хүмүүсийн яриагаар бол “Линда холын бодолтой, тооцоотой, тэнэг биш хүүхэн байсан. Тэрбээр уран бүтээлч хүн хэдий авьяастай ч тэр болгон алдарын оргилд хүрдэггүй бөгөөд уран бүтээлтэй нь хамт амьдрал нь тогтворгүй үргэлж уналт босолттой байдаг гэдгийг маш сайн мэддэг байв. Харин банкны ажилтан бол түүний бодлоор эрсдэл багатай, шат шатаар байнга өсөж байдаг тул тийм л хүнтэй гэр бүлээ зохионо гэж тооцоолдог” нэгэн байжээ. Ийм тул Линда нэг л өдөр “Эсвэл би эсвэл хөгжим” гэж хэлээд юмаа ачиж аваад арилж өгсөн байна. Хоосон гэрт үлдсэн Элтон нулимс дуслуулан хэсэг сууж байснаа хийн зуухаа асаагаад шалан дээр хэвтээд өгчээ. Иймэрхүү үйлдэл хийхдээ тулсан бол цонхоо хаах хэрэгтэй гэдгийг туршлагагүй Элтон мэдээгүй байв. Линда яваад өгсөн. Амиа хорлох гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн. Тэгэхээр Элтонд хөгжим л үлдсэн аж. 1967 онд Элтон Жон яруу найрагч Берни Топинтай танилцсан нь хөгжмийн ертөнцөд хамгийн үр бүтээлтэй хамтран ажилласан түүхийн эхлэл болсон юм. “Бид ах дүү шиг бүхий л жаргал зовлонг хамтдаа туулсан” гэж Элтон хамтран зүтгэгчийнхээ тухай ярьсан байдаг. Тэдний хамтарсан уран бүтээлд зөвхөн статистик талаас нь авч үзэх юм бол нийтдээ 250 сая пянз нь зарагдаж, британийн топ 40-н дууны жагсаалтанд 54 дуу нь бичигдэж, долоон цомог нь Billboard-ын эхний байрыг эзэлж байсан байх юм.
Элтон Линдагаас хойш хэд хэдэн бүсгүйчүүдтэй нэр хобогдсон авч хэнтэй нь ч бие сэтгэлийн таашаал авч чадаагүй ажээ. Элтоны дотны найз Кеннет нэртэй хөгжимчин гей байсан бөгөөд туршлагатай нүдээр Элтоныг ажиглан дотроо “Хайр дурлал дээр энэ нөхөр бүсгүйчүүдтэй нэг л өөдтэй юманд хүрэхгүй дэг ээ” гэж таамаглах болжээ. Үнэхээр ч удалгүй Элтон ижил хүйстэнгүүдтэйгээ учир ургуулж эхэлсэн билээ. Үүнийгээ тэрбээр дотроо бариад байж чадалгүй 1976 онд нэгэн ярилцлагандаа өөрийгөө бисексуал гэдгээ зарлажээ. Энэ болгоомжгүй мэдэгдэл нь түүний уран бүтээлийг золтой л авсалчихаагүй юм. Тухайн үед бэлгийн цөөнхийн эрхийн тухай яригдаж эхлээгүй тэднийг хүлээж авахад нийгэм өөрөө төдийлэн бэлэн биш байсан тул Элтон маш хүнд байдалд өөрийгөө хийсэн аж. Найз нөхөд хамтран зүтгэгчдийнхээ ятгалгаар тэрбээр 1984 онд Ренате Блауел гэгч дууны инженер бүсгүйтэй гэрлэсэн ажээ. Амьдрал зохиох гэсэн, үр хүүхэдтэй болох гэсэн Элтоны 4 жилийн зүтгэл талаар болов. “Бид эхний жил дажгүй амьдарсан. Би өөрчлөгдөх гэж маш их хичээсэн. Гэвч болж өгөөгүй юм. Би Ренатад мөн өөртөө итгүүлэх гэж худлаа ярьж жүжиглэсээр ядарч туйлдсан. Бодит үнэнээс зугтахын тулд би хар тамхинд орсон. Рената бол сайн бүсгүй тэгээд ч намайг ийм байхыг харахыг хүсээгүй биз ” гэсэн тайлбарыг Элтон салалтынхаа дараа өгсөн байдаг. Ингээд бусадтай адилгүй дуучны амьдрал эрчтэйгээр уруудаж эхэлсэн юм. Зүрх нь шархалж сэтгэл нь хоосорсон Элтон нэг биш удаа амиа егүүтгэх гэж оролдсон юм. Тэр болгон түүнийг санамсаргүйгээр хэн нэгэн авардаг байжээ.
1993 оны аравдугаар сард Элтон Жон Хэллоуны баярыг тохиолдуулан өөрийнхөө эдлэн газар үдэшлэг зохиожээ. Энэ үдэшлэг дээр түүнийг найз нь нэгэн залуутай танилцуулсан нь агуу уран бүтээлчийн амьдралыг тэр чигт нь өөрчилж орхисон билээ. Хэнд ч танил биш кино найруулагч Девид Ферниш гэгч залуу эхэндээ дэлхий хэмжээний од Элтоныг “өөрөө өөртөө дурласан, бусдад дээрэлхүү нэгэн биз” гэж бодож байсан бол хожмоо “Тэр миний төсөөлж байснаас огт өөр гайхамшигтай хүн байсан. Үүнийг анхны харцаараа л дурласан гэдэг байхаа?” хэмээн ярилцлага өгч байжээ. Залуус танилцсан өдрийнхөө маргаашнаас нь л болзож эхэлсэн гэдэг. Элтон Дэвидаас 15 насаар ах байв. Тэдний бие биенийгээ гэх сэтгэл худал хуурмаг, ашиг хонжоо харсан эсвэл зөвхөн бэлгийн чиг хандлагаараа нийлсэн биш байлаа. Дэвид хар тамхи, архинд живж байсан Элтоныг муу зуршлаас нь салгаж чадсан юм. “Би хүмүүст туслах дуртай. Би урьд нь хар тамхчин, архичин байсан. Хэрэв чи тэр зуршлаасаа салж чадсан бол, чи бусдад туслах үүрэгтэй. Би олон хүнд тусалсан. Гэвч зарим нь сонсох дургүйд хамгийн гол асуудал байдаг. Надад ч гэсэн хүмүүс “чи ёстой жинхэнэ гамшиг” гэж дахин дахин хэлдэг байсан. Би үнэхээр ч гамшиг байсан. Тэгээд би юу ч сонсохыг хүсдэггүй байсан. Харин би Дэвидыг сонсож чадсан” гэж Элтон дурссан байдаг.
Муу зуршлаасаа салж чадсан Элтон уран бүтээлдээ шинэ эрч хүчээр дүүрэн эргэж орсон юм. Тэрбээр хэд хэдэн цомог амжилттай хэвлүүлэн, цаашид түүний хөзрийн тамга болсон концертын уран бүтээл дээр ажиллаж эхэлжээ. Элтон Жон орчин үеийн шоу тоглолтын хамгийн тод төлөөлөгч бөгөөд хүмүүлэнгий хамгийн том хандивлагчдын нэг болсон юм. Элтоны Диана гүнжийн дурсгалд зориулсан Candle in the Wind гэдэг дууг сэтгэл хөдөлгөөнгүй гэгддэг Английн хатан хаан хоёрдугаар Елизаветта сонсоод нулимс дуслуулсан гэдэг. Хатан хаан тэр даруй “үлгэр жишээ биш” ч үнэхээр авьяастай иргэндээ сэр цолыг олгосон юм. Энэхүү цолыг хатан хааны гараас авч байхад нь Девид Ферниш нүдэндээ нулмистай хажууд нь зогсож байсан аж.
2005 онд Их Британи улсад ижил хүйстнүүдийг хоорондоо гэрлэх хуулийг баталжээ. Хамгийн түрүүнд өргөдлөө өгсөн хүмүүсийн жагсаалтанд Элтон Дэвид хоёрын нэр явж байлаа. Ингээд 2005 оны 12 дугаар сарын 21-нд Элтон Жон Дэвид Ферниш нар албан ёсны гэр бүл болцгоосон аж. Хоёр хосын хуриманд зөвхөн ойр дотны найз нөхөд гэр бүлийнх нь уригджээ. 2010 оны арванхоёрдугаар сарын 25-нд Элтоны хамгийн эрхэм нандин мөрөөдөл нь биелсэн билээ. Энэ өдөр Дэвид тэр хоёрын Захари хүү гэрээт тээгч ээжээс төрсөн юм. Чухам хоёр эрийн хэнийх нь цус хүүгийн судсаар гүйж байгаа нь нууц үлджээ.
“Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт. Би өнгөрснийг эргэж боддоггүй заншилтай. Гэхдээ би зөв зам дээрээ байна аа гэдэгтээ итгэлтэй байхын тулд үргэлж өөрийнхөө өчигдрийг өөрийнхөө өнөөдөртэй харьцуулдаг” гэж Элтон ярьсан байдаг.