Физиологи буюу анагаах ухааны салбарын 2019 оны Нобелийн шагналыг АНУ, Их Британийн эрдэмтэд авчээ. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд уг шагналыг “эсүүд хүчилтөрөгчийн төвшний өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицох механизмын” нээлтэд олгосон талаар тэмдэглэсэн байна. Балтиморын Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэн Грегг Сэменц, Бостоны Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Уильям Келин, мөн Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэн Питер Ратклиф нар судалгаагаа тус тусдаа явуулсан ч хамтдаа тэд “цус багадалт, хорт хавдар болон бусад өвчинтэй тэмцэх шинэ ирээдүйтэй арга зам зааж өгсөн" гэж уг мэдэгдэлд онцолжээ. Бидний идэж буй хоол хүнсийг биеийг дэмжиж, хөдлөх боломжийг олгодог эрч хүч болгон хувиргахын тулд бие махбодод хүчил төрөгч хэрэгтэй. Гэвч цусан дахь хүчилтөрөгчийн төвшин олон хүчин зүйлийн нөлөөн дор байнга өөрчлөгдөж байдаг. Хүний бие махбодын эсүүд эдгээр өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, хэвийн ажиллаж байгаа нь удаан хугацааны туршид нууц байсаар иржээ. Хүн болон амьтдад хүчилтөрөгчийн дутагдалд орсноор гипокси (хүчилтөрөгчийн өлсгөлөн) үүсэж,улмаар эрхтний хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Тэгвэл дээрх гурван эрдэмтдийн ажил нь гипоксигийн нөхцөлд үйлчилдэг генетик механизмыг олж нээснээр эсүүд хүчилтөрөгчийн дутагдлыг хэрхэн мэдэрч,түүнд яаж дасан зохицож байгааг, тэр дундаа бие махбод хүчилтөрөгч агуулдаг улаан эсийг бий болгох үүрэгтэй гормоныг хэрхэн "үйлдвэрлэдгийг" ойлгох боломжтой болжээ. Бие махбодын хүчилтөрөгчийн төвшнийг гүрээний тараагуур судас дагуу байдаг тусгай мэдрэгчид хянадгийг эрдэмтэд алт эрт нээсэн. Хүчилтөрөгч дутагдаж эхлэхэд тэдгээр мэдрэгчүүд тархи руу дохио илгээдэг. Тиймээс бид гүйх эсвэл биеийн хүчний дасгал хийхэд амьсгааддаг. Үүнээс гадна өнгөрсөн зууны эхээр эрдэмтэд хүчил төрөгчийн дутагдлын үед эритропоэтин даавар ялгардаг болохыг тогтоожээ. Тэрхүү даавар бөөрөөр ялгарч, хүчил төрөгч агуулдаг улаан эсийн үйлдвэрлэлийг өдөөдөг аж. Харин ямар механизм энэ урвалыг эхлүүлдэг нь нууц хэвээр байсан юм. Грегг Семенетсийн хулганууд дээр хийсний туршилт хүчилтөрөгчийн дутагдал нь эритропоэтин даавар үйлдвэрлэх үүрэгтэй ДНХ-ийн зарим хэсгүүдэд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Английн эрдэмтэн Питер Ратклиф энэ үзэгдлийг зэрэгцэн судалж байсан бөгөөд хоёулаа эсүүд хүчилтөрөгчийн дутагдлыг мэдрэх боломжийг олгодог механизм нь шаардлагатай дааварыг ялгаруулдаг бөөрөнд төдийгүй бараг бүх эд эсүүдэд ажилладаг болохыг тогтоожээ. Семенец судалгааны ажлаа үргэлжлүүлсээр ДНХ-той холбогдож эритропоэтин дааврын ялгарлыг өдөөдөг эсвэл дарангуйлдаг цогц уургийг нээсэн аж. Харин ямар хариу үйлдэл үзүүлэхийг юу тодорхойлох вэ гэсэн асуултад хавдар өвчин судлаач Уильям Келин судалгааны ажил хариулсан байна. Уильям Келины хорт хавдар үүсэх эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлдэг удамшлын нэлээд ховор өвчний (Гиппел-Линдау) тухай судалгааны ажил үүнд тус нэмрээ оруулсан аж. Судалгааны явцад Гиппел-Линдау өвчин VHL генийн ажиллагаа доголдсоны улмаас үүсдэг нь тогтоогдсон байна. Ингэхдээ гэмтсэн гентэй хорт хавдрын эсүүд хүчил төрөгчийн дутагдалд маш мэдрэмтгий шинж чанартай байгаа нь анзаарагджээ. Эл шинж чанар эрүүл VHL генийг өсгөхөд үгүй болсон байна. VHL цогц уургийн бүрэлдэхүүн хэсгийг задалж хүчилтөрөгчийн төвшнөөс хамааран хэлбэрийг нь өөрчилдөг аж. Энэ нь ДНХ-ийн өөрчлөлтөд хүргэдэг байна. Ийм маягаар эсүүд хүчилтөрөгчийн дутагдлыг "мэдэрч", бодисын солилцооны төвшнөөс шалтгаалан энэ дутагдлыг нөхдөг аж. Хэрэв хүчилтөрөгчийн дутагдал удаан хугацаагаар үргэлжилбэл бие махбод шинээр цусны судсыг бий болгож, улаан эсийг идэвхтэй гарган авч хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Жишээлбэл, уулчид өндөрт авирах бэлтгэлээ ийм замаар хийдэг аж. Яг эл механизм шинэ эд эсийн хурдацтай өсөлтийн үед (жишээ нь түрэмгий хорт хавдрын тохиолдолд) мөн үйлчилдэг аж. Тийм ч учраас Келин, Ратклифф, Семенец нарын нээлтийг хорт хавдрын эмчилгээнд өргөн ашиглаж болох юм байна.