“Нью-Йорк Таймс” сонин цочирдом тоон мэдээллийг нийтэлжээ. 2018 онд нийгмийн сүлжээ болон бусад цахим талбар хүүхдийн оролцоотой садар самууныг сурталчилж байгаа талаар 18 сая гомдол гарчээ. Энэ тоо таван жилийн өмнөх үзүүлэлтээс 10 дахин илүү ажээ. Ингэхдээ тус зохисгүй контент хэрэглэгчдийн дунд дамждаг гол сувгуудын нэг нь Facebook Messenger гэнэ. 2013 онд хүүхдийн оролцоотой садар самууныг агуулсан фото болон дүрс бичлэгийг талаар нэг сая орчим гомдол гарсан бол өнгөрсөн 2018 онд энэ тоо 18,4 саяд хүрнэ гэдэг үнэхээр нэгийг бодуулах аж. 2008 онд ердөө 100 мянган гомдол бүртгэгдсэн байна. Нийтдээ өнгөрсөн онд хүүхдийн оролцоотой садар самуун агуулсан контент 45 сая нэгж бүртгэгдсэн байна. Иймэрхүү хууль бус контентыг Bing хайлтын системээс авахуулаад Dropbox файл байршуулах үйлчилгээ хүртэл цахим сүлжээний өнцөг булан бүрээс олж болно. Дээрх 18,4 сая гомдлын 12 сая нь Facebook Messenger-ын үйлчилгээтэй холбоотой байна. Үнэхээр хүүхдүүдийн оролцоотой садар самуун материалыг Facebook Messenger-ээр тарааж байсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн аж. Өнгөрсөн оны хоёрдугаар сард нэгэн эр 6 настай охины эсрэг бэлгийн хүчирхийллийн чанартай үйлдэл хийж буй бичлэгээр аймшигтай вирус тарсан явдал гарсан. Ингэхдээ Facebook Messenger-ийн хэрэглэгчид бие бие рүүгээ дээрх агуулга бүхий бичлэг явуулж байхдаа ямар нэгэн гэмт хэргийн зорилго агуулаагүй харин олон хүнд тарааснаар хуулийн байгууллагын сонорт хүргэхийг хүссэн гэж тайлбарласан байдаг. Ийм нөхцөлд нийгмийн сүлжээ өөрсдийн хэрэглэгчдийг хамгаалах гэсэн бүх хүчин чармайлт нь байдлыг улам бүр дордуулж болзошгүй аж. Өнгөрсөн гуравдугаар сард Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг тус сүлжээнд хамааралтай бүх талбарууд дээд зэргээр хамгаалагдаж, хэрэглэгчдийн хувийн нууцлал өснө гэж амлажээ. Гэхдээ үүнд нэг зөрчил байгаа. Хамгаалалт, нууцлал нарийн бөгөөд найдвартай байх тусам гэмт хэрэгтнүүдийн чөдрийг тайлагдана. “Шифрлэлт бол нууцлалыг бататгах найдвартай хэрэгсэл боловч муу зүйл хийдэг хүмүүсийн нууцлал ч бас үүнд багтаана. Үйлчилгээг авч байгаа олон тэрбум хүний зарим нь үүнийг урвуулан ашиглан бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, алан хядлага, дээрэм зэрэг аймшигтай үйлдлүүдээ хийнэ» гэж Цукербер хэлжээ. Нөгөө талаас нууцлалаас татгалзах аргагүй. Энэ зөрчлийг арилгах тодорхой шийдэл одоогоор байхгүй. Гэхдээ Facebook урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Нийгмийн сүлжээнд зохисгүй контентыг үзэн шүүж, компанийн бодлогыг зөрчсөн тохиолдолд тэдгээрийг устгах үүрэгтэй олон модераторууд ажилладаг. Эдгээр боловсон хүчний мэдэлд зохисгүй контентын вирусийг тархаахгүй байх хамгийн орчин үеийн технологи, тоног төхөөрөмжүүд бий. Гэсэн хэдий ч, тус сүлжээ жилд хэд хэдэн удаа хяналтаа алдах тохиолдол гардаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Шинэ Зеландын Крайстчерч хотод гэмт этгээд сүмд байсан энгийн хүмүүсийг хоморголон буудаж байгаа үйлдлээ шууд цацсан явдлыг дурдаж болох юм. Нийгмийн сүлжээ эл аймшигт бичлэгийн бүх хуулбарыг олж устгахын тулд маш их цаг хугацаа зарцуулсан бөгөөд тэр болтол хэдэн цагийн турш бичлэгийг сүлжээний ихэнх том талбаруудаас харж болж байсан. Энэ чиглэлд Фэйсбүүкийн өмнө тулгараад байгаа өөр нэг асуудал бол модераторуудыг компанийн үндсэн ажилтан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Модераторууд нь бага хэмжээний хөлсөөр ажилладаг гэрээт ажилчид бөгөөд тэдэнд сүлжээний үндсэн ажилчдад олгодог урамшууллыг өгдөггүй. Үүнээс гадна медараторууд өдөржин хүчирхийлэл, садар самуун, хуйвалдааны тухай дүрс бичлэг үздэг бөгөөд энэ нь тэдний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг аж. Тиймээс энэ ажилд орохыг тийм ч олон хүн хүсдэггүйн тул нийгмийн сүлжээн дэх асар их контентын урсгалыг зохицуулах боловсон хүчин дутагдалтай юм байна.